Ираны хууль тогтоогчид ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа түр зогсоохыг дэмжив


Лхагва гарагт Ираны парламентад тус улсын Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтын ажиллагаагаа зогсоох эсэх асуудлыг хэлэлцэн, улмаар дээрх хуулийн төсөл дээр санал хурааж, НҮБ-ын харьяа тус байгууллагатай хамтын ажиллагаагаа цуцлаж, түр зогсоохыг дэмжсэн байна.

Нийт 290 суудалтай Ираны парламентын лхагва гарагийн хуралдаанд 222 гишүүн оролцсоноос 221 нь дэмжиж, 1 гишүүн түдгэлзсэн талаар тус улсын төрийн төв телевиз мэдээлжээ.

Ираны хууль тогтоогчид лхагва гарагийн санал хураалтын дараа “Америк сөнөтүгэй, Израил сөнөтүгэй” гэх зэргээр орилж хашгичсан байна.

Ираны парламентын дарга Мохаммад Багер Калибаф “Ираны цөмийн байгууламжид халдсан халдлагыг зэмлэн буруушаахаас татгалзсан ОУАЭХА өөрийн олон улсын нэр хүндийг унагаж, шороотой хутгасан” хэмээн хэлснийг төрийн төв телевизээр дамжуулсан байна.

Парламентын дээрх шийдвэр нь эцсийнх биш бөгөөд Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болох ёстой юм.

Гэвч лхагва гарагийн үдэш Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаэй тус улс ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа зогсоосон гэдгийг мэдэгдсэн байна.

Дээрх хуулийн төсөлд Ираны тал цөмийн байгууламжууддаа ОУАЭХА-ийн хяналтын камерыг суурилуулахгүй байх, тус байгууллагын шинжээчдийг нэвтрүүлэхээс татгалзах, тайлан мэдээлэл өгөхгүй байх эрхтэй гэж заасан байна. Мөн эдгээр журам Ираны бүх цөмийн байгууламжийн аюулгүй байдалд баталгаа олгох хүртэл хүчинтэй байх болно гэжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн ням гарагт АНУ Ираны Фордо, Ишфахан, Натанз дахь цөмийн байгууламжуудад цохилт үзүүлсэн бол Израил, Ираны талууд мягмар гарагт гал зогсоохоор тохиролцсон билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *