Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 37 жилийн дараа ажлаа өгөхөөр болов


Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор, хувцас загварын салбарт нэр хүндтэй, нөлөө бүхий магнат Анна Винтур ажлаа өгөхөөр болж байгаагаа пүрэв гарагт албан ёсоор зарлан мэдэгдсэн байна.

Өдгөө 75 настай Анна Винтур Vogue сэтгүүлийн эрхлэгч, ерөнхий редакторын албан тушаалыг 37 жил хашсаны дараа ийнхүү буухаар болж байгаагаа мэдэгдлээ.

Өнгөрсөн 37 жилийн хугацаанд Америкийн Vogue сэтгүүлийн дугаар бүрийн нүүр зураг болон доторх агуулгыг тодорхойлж, найруулж, “базаж” ирсэн ерөнхий редактор Анна Винтур энэхүү албан тушаалд хамгийн олон жил ажилласан хүн бөгөөд тэрээр үргэлжлээд Vogue сэтгүүлийн олон улсын редакцийн захирал болон толгой компани болох Conde Nast-ийн контент хариуцсан ахлахын үүргийг давхар гүйцэтгэхээр болсон байна.

Анна Винтур албан тушаалаасаа бууж байгаа талаараа пүрэв гарагт ажилтнууддаа мэдэгдсэн байна. Тэрээр “олноороо хүч түрэн гарч ирж буй дараа үеийн чадварлаг, авьяаслаг редакторуудад дэмжлэг үзүүлэх үүднээс зайгаа тавьж өгч байна” хэмээн хэлсэн байна.

Их Британийн нийслэл Лондон хотод төрж, өссөн Анна Винтур Английн Vogue сэтгүүлийн редактор байсан бөгөөд 1988 онд Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалд томилогдож байсан ажээ.

Тэрээр Америкийн Vogue сэтгүүлийг хөл дээр нь босгож, дэлхийн загварын ертөнцийн тэргүүлэх шилдэг хэвлэлийн нэг болгон хувиргаж чадсан юм.

Их ажлынхаа хажуугаар Анна Винтур мөн Нью Йоркийн урлагийн музейд хандив цуглуулдаг Met Gala хэмээх арга хэмжээг 1995 оноос хойш амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Анна Винтурын хувцас загвар, сэтгүүлзүйн салбарт оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж, 2017 онд Их Британийн хатан хаан II Элизабет түүнд Дэйм цол (Сэр цолны эмэгтэй хувилбар) олгож байсан түүхтэй.

Боб үсний засалт, хар нүдний шилээрээ алдартай Анна Винтурыг мөн ажил мэргэжлийн салбартаа “дарангуйлагч” хэв маягтай хүн байсан талаар өгүүлсэн, түүний туслахаар ажиллаж байсан Лорен Вайсбергерын бичсэн “Devil Wears Prada” хэмээх ном, тус номоос сэдэвлэсэн ижил нэртэй кино гарч байсан билээ. Тус кинонд түүний дүрийг олон удаагийн Оскарын шагналт жүжигчин Мерил Стрип бүтээж байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *