“Астана-2025” Дэлхийн цомд монголын 9 ширэн бээлийтэн тулалдана


Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зориод байна.

Тодруулбал тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа, 55 кг-д Э.Төгсбилэг, 65 кг-д Э.Бат-Өлзий, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, +90 кг-д Х.Бекнур нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд С.Биндэръяа, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар тулалдана.

Боксын Дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа зохиогддог. Энэ оны анхдугаар Дэлхийн цом Бразил улсад болоход Монголын тамирчид өнжсөн бол Польш улсад болсон Дэлхийн цомоос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Харин энэ оны отгон Дэлхийн цомын тэмцээн Энэтхэг улсад арваннэгдүгээр сард болох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *