Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси өнгөрсөн амралтын өдөр Америкийн CBS News телевизэд өгсөн ярилцлагадаа Америкийн агаарын цохилтод өртсөн Ираны цөмийн байгууламжууд бүрэн сүйдэж, эвдэрч гэмтээгүй болохыг хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Ираны цөмийн байгууламжууд ойрын хэдэн сарын дотор ахин ураны баяжуулалтыг эхлүүлэх боломжтой гэжээ.
Америкийн бөмбөгдөгч онгоцууд Ираны цөмийн гурван байршилд агаарын цохилт үзүүлсний дараахь мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн байгууламжууд устгагдсан хэмээн батлан хэлж байсан.
Гэвч Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тагнуулын урьдчилсан тайлан мэдээг эш татан Ираны цөмийн хөтөлбөр ердөө хэдхэн сарын дотор ахин үргэлжлэх боломжтой гэдгийг мэдээлсэн юм.
Тэгвэл Рафаэль Гросси ОУАЭХА-аас Иранд цэргийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэдгийг тодотгохын сацуу Ираны цөмийн байгууламжуудад “их хэмжээний хохирол учирсан нь тодорхой хэдий ч энэ нь бүрэн устгагдсан гэсэн үг биш” гэжээ.
Мөн тэрээр Иран улсад цөмийн хөтөлбөрөө эргэн сэргээх аж үйлдвэрийн болон технологийн хүчин чадал нь байгаа гэдгийг цохон тэмдэглэж, тус улсыг хэдэн сарын дотор, түүнээс ч бага хугацаанд олон тооны центрифугийг ажиллуулж, баяжуулсан уран үйлдвэрлэх боломжтой гэдгийг хэлсэн байна.
Түүнээс Америкийн агаарын цохилтын өмнө Иран улс баяжуулсан уранаа зөөвөрлөсөн байх боломжтой эсэх талаар асуухад тэрээр хаашаа зөөвөрлөсөн байх боломжтойг ОУАЭХА мэдэх боломжгүй гэжээ. Тэрээр “зарим нь агаарын цохилтын үеэр устгагдсан байж болох бол заримыг нь зөөвөрлөсн байх боломжтой” гэсэн байна.
Рафаэль Гросси аль болох түргэн хугацаанд Ираны цөмийн байгууламжуудад нэвтэрч, шалгалт оруулах боломжийг ОУАЭХА-т олгох хэрэгтэй байгааг онцолсон бол өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ираны парламент ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа түр зогсоох хуулийн төслийг батласан билээ.