Трамп Израил, Хамасыг гал зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалав


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Израил болон Хамас бүлэглэлийг Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалав.

Тэрээр ням гарагт өөрийн нийгмийн сүлжээний хуудсанд “Газын зурваст гал зогсоох гэрээг байгуул, барьцааны хүмүүсийг нутагт нь буцааж өг” хэмээн бичсэн байна.

Д.Трамп өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ ойрын долоо хоногийн дотор талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулах боломжтой гэсэн юм.

Мөн Арабын хэвлэлүүдийн Хамас бүлэглэлийн эх сурвалжийг эш татан мэдээлснээр гал зогсоох яриа хэлэлцээ ойрын үед зуучлагч Катар болон Египет улсын аль нэгэнд сэргэн үргэлжлэхээр болсон гэжээ.

Гэвч Израил болон Хамасын талууд гал зогсоох асуудал дээр асар том саналын зөрүүтэй байгаа юм.

Энэ үеэр Израилын зэвсэгт хүчин Газын зурвас дахь довтолгоо, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Ням гарагт Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын хойд нутгийн олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан байна. Учир нь тухайн хэсэг дэх цэргийн ажиллагаагаа ойрын үед идэвхжүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Ням гарагт Газын зурваст явуулсан Израилын цэргийн ажиллагааны улмаас 21 хүн амь үрэгдсэн талаар Палестины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Газын зурвасын эрүүл мэндийн албаныхны зүгээс мэдэгдсэнээр 2023 оны 10-р сард дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Газын зурваст 56500 хүн амь үрэгдээд байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *