Умард Солонгос улс далайн эргийн амралт зугаалгын цогцолбор нээж, дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ


Умард Солонгос улсын удирдагч Ким Жон Ун аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, дотоодын жуулчдыг татах итгэл найдвар тээн тус улсын зүүн эргийн бүсэд Вонсан Калма хэмээх далайн эргийн амралт зугаалгын цогцолборыг нээхээр болсон талаар тус улсын төв телевиз мэдээлжээ.

Анх нээгдэх ёстой байсан товлогдсон хугацаанаасаа 6 жилийн дараа нээгдэх гэж буй тус далайн эргийн аялал жуулчлал, амралт зугаалгын цогцолборыг албан ёсоор 7-р сарын 1-нд буюу мягмар гарагт нээх юм байна.

БНАСАУ-ын төрийн төв телевизийн мэдээлснээр тус амралт зугаалгын цогцолбор нь зүүн эргийн дагуу 4 км үргэлжлэх бөгөөд дотроо зочид буудлууд, ресторан зоогийн газрууд, худалдааны төвүүд, усан паркуудтай байх ба нэг дор 20 мянга хүртэлх зочид, үйлчлүүлэгчдийг хүлээн авах хүчин чадалтай гэж байгаа боловч үүнийг батлах нотлогоо үгүй гэдгийг барууны хэвлэлүүд мэдээллээ.

Түүнчлэн Вонсан Калма цогцолборт гадаадын жуулчдыг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна.

Тус улсад гадны жуулчдыг хориглодоггүй ч голцуу Умард Солонгостой найрсаг харилцаатай гэгдэх БНХАУ болон ОХУ-аас л олон тооны жуулчид ирж аялдаг байна. Мөн ковидын цар тахлын үеэр тус улсын аялал жуулчлалын салбар уналтад орсон бөгөөд хорио цээрийн журмаа 2023 оны дундуур зөөлрүүлж, 2024 оноос л Оросын жуулчдыг анх нэвтрүүлж эхэлсэн юм. Харин энэ оны 2-р сараас эхлэн Их Британи, Франц, Герман, Австрали зэрэг бусад улс орны жуулчдыг хүлээн авч эхэлсэн ч хэдэн долоо хоногийн дараа тодорхойгүй шалтгаанаар зогсоосон билээ.

Олон улсын аялал жуулчлалын салбарын ажиглагчдын зүгээс Вонсан Калма цогцолбор гадны жуулчдыг татна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь БНАСАУ-д аялж буй гадны жуулчдын сонирхлыг далайн эргийн амралт зугаалгын цогцолбороос илүү нийслэл Пхеньян хот, хоёр солонгосын хоорондох хилийн зэвсэггүйжүүлсэн бүс, коммунист улсын бусад түүхэн дурсгалт газрууд, удирдагчдын хөшөө дурсгал зэрэг нь татна гэдгийг хэлж байна.  

Энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан, Вонсан Калма цогцолбор баригдаж дууссан явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охин Ким Жү Э, эхнэр Ри Сол Жү-гийн хамт оролцсон бөгөөд мөн тус улсад суух ОХУ-ын элчин сайд Александр Мацегора, ЭСЯ-ны ажилтнуудын хамт хүрэлцэн ирж оролцжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *