3х3: Монгол охид түүх бүтээж, Испани Нидерландын багууд анхны түрүүгээ хүртэв


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо FIBA буюу Олон улсын сагсанбөмбөгийн холбооны 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ долоон өдрийн турш болж, шилдгүүдээ шалгарууллаа. 9 дэх удаагийн Дэлхийн аваргыг манай улс анх удаа эх орондоо зохион байгуулснаараа онцлог байсан төдийгүй 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг анх удаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, нутгийнхаа дэвжээн дээр түүх бүтээлээ.

Ингээд 7 өдрийн турш үргэлжилсэн ДАШТ-ий тоймыг хүргэе.

Испани улс анх удаа Дэлхийн аварга боллоо

Эрэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө Испани Швейцарын багууд учраа таарч 21:17 харьцаагаар Испанийн шигшээ баг өрсөлдөгчөө ялснаар анх удаагаа Дэлхийн аваргын цомыг өргөлөө.

Харин мөнгөн медалийг Швейцарын баг хүртлээ. Тэд хагас шигшээд Дэлхийн 5 удааийн аварга Сербийн шигшээ багийг буулган авсан нь шуугиан тарьж, сагсанбөмбөг сонирхогчдын таамгийг эвдсэн билээ. Улмаар финалд өрсөлдсөн юм.

Тэгвэл Дэлхийн 5 удаагийн аварга, шилдэг тоглогчидтой Сербийн шигшээ баг залуу тоглогчидтой Германы багийг хожиж Дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд боллоо. Туршлага зааж, эцсийн мөчид ялалт байгуулсан тэд 6 дахь алтан медалиа авахын төлөө Монголд ирсэн ч ийн хүрэл медаль хүртэв.

Монголын эмэгтэй шигшээ баг анх удаагаа олимпын төрлийн спортоор ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Нутгийнхаа дэвжээн дээр олимп, Дэлхийн аваргуудыг ээлж дараалан буулган авч, анх удаагаа шилдэг найм, хагас шигшээ, финалд шалгарсан Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүх бүтээж, 2025 оны ДАШТ-ээс анхны мөнгөн медалиа хүртлээ.

Тэд аваргын төлөө “Улбар шарууд” хочтой Дэлхийн чансааны хоёрдугаар байрт эрэмбэтэй Нидерландын багтай өрсөлдсөн юм. Ийнхүү монгол охид сагсанбөмбөгийн спортын шинэ түүхийг бичсэн бол Нидерландын охид мөн анхны Дэлхийн аваргын цомоо өргөв.

Харин Канадын шигшээ баг манай багтай хагас шигшээд учраа таарсан Польшийн багийг хожиж хүрэл медалийн эзэд болсон юм.

Бэлгэдлийн багт О.Хулан багтав

ДАШТ-ий эмэгтэйчүүдийн “Шилдэг тоглогч”-оор Дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын тамирчин Нортже Дриссен тодорлоо. Бэлгэдлийн багт түүний хамтаар Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Хулан, Канадын тамирчин Саиша Грант-Аллен нар багтав.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд анх удаагаа Дэлхийн аварга болсон Испанийн шигшээ багийн тамирчин Гуим Экспозито “MVP” шагналын эзэн болов. Түүнтэй хамт бэлгэдлийн багт Швейцарийн тамирчин Натан Журковиц, Сербийн шигшээ багийн тамирчин Страхиния Стояачич нар багтлаа.

Ийн Монгол Улсын төв талбайд 7 өдөр үргэлжилсэн 9 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорч, хөшгөө хаалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *