Израилын ард иргэд өнгөрсөн амралтын өдрүүдээр гудамж талбайдаа гарч, Газын зурваст гал зогсоохыг шаардсан байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг агаарын цохилт эхлүүлж, улмаар 12 хоногийн хугацаанд дайтсан Израил улс өнгөрсөн долоо хоногт гал зогсоосон юм.
Израил, Ираны талууд харилцан гал зогсоохоор тохирсны дагуу 12 хоногийн дайн өндөрлөсөн бол Израилын Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй дайн үргэлжилсээр байна.
Израилын зэвсэгт хүчин Газын зурвас дахь довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Израилын цохилтын улмаас өдөр бүр Палестины энгийн иргэд олноороо үрэгдсээр байгаа юм.
Тэгвэл Израилын хамгийн том хот болох Тел Авив хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр Газын зурваст гал зогсоохыг шаардсан томоохон жагсаал болсон байна.
Израилын ард иргэд Газын зурваст барьцаанд байгаа 50 хүнийг суллахын тулд Израилын засгийн газрыг Хамастай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг жагсаалын үеэр уриалсан байна. Жагсагчид Израилын зэвсэгт хүчний Газын зурваст үргэлжлүүлж буй цэрэг дайны үйл ажиллагаа нь барьцааны хүмүүсийн амь насыг аюул эрсдэлд оруулж байгааг, мөн хоёр талд ялгаагүй зовлон зүдгүүр амсаж байгаа энэ байдал дуусах ёстой, дайныг зогсоох ёстой гэдгийг жагсагчид хэлж байлаа.
Арабын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хамас бүлэглэлийн эх сурвалжийг иш татан мэдээлснээр, Израилтай гал зогсоох тухай шууд бус хэлэлцээний шинэ үе шат ойрын хэдэн өдрийн дотор Египет, эсвэл Катар улсад болно гэжээ.
Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Газын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр 2023 оны 10-р сард мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст амиа алдагсдын тоо 56,412 болоод байгаа ажээ.