Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа.
—————————————————————————–
-Улаанбурхан өвчний тохиолдол 10 мянгыг давж, эндэгдлийн тоо долоо бүртгэгдсэн байна. Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл ямар эрсдэл үүсч болох вэ?
-Энэ өвчний гол эрсдэл нь бага насны хүүхдүүдэд аюултай, маш хурдан хатгалгаа болж хүндэрдэг. Үүн дотроо хоол тэжээлийн дут маг шилтай хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй. Улаанбурхан өвчнийг туссан хүүхэд хоолонд дургүй болж, хоолоо идэхээ больчихдог. Ер нь нас баралтын дийлэнх нь хатгалгаанаас болдог.
Халдварт өвчнөөс сэргийлдэг үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, тандалт буюу тэр өвчнийг орж ирвэл хугацаа алдахгүй барьж чадах улс орны чадвар гэсэн үг. Тэр нь манайд ажиллаж байгаа. Хоёрдугаарт, тарчихсан байлаа гэж бодоход хүн амын хамгаалагдах чадвар буюу сүргийн дархлаа гэж ковидын үед ярьдаг байсан. Насанд хүрсэн зарим хүн вакцинжуулалтад хамрагдаагүй байж болох учраас дархлаажуулалтын цоорхой үүссэн байх талтай. Эсвэл санаатайгаар, зориудаар вакцинаа хийлгээгүй юм уу, сүүлийн үеийн вакцины эсрэг үзэл бодолтой хүмүүсийн мэдээллээс болсон байх талтай. Гэхдээ насанд хүр сэн хүнд улаанбурхан өвчин хүндрэх нь бага байдаг. Одоогийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо дөрвөн сарын дотор 10.000 хүрсэн байна. Энэ өвчний халдварын хурдыг энгийн математикаар тооцож үзэхэд арифметик прогресс буюу тогтмол өсөлттэй явагддаг байсан бол өдөрт 10 тохиолдол нэмэгдэж, 129 хоногийн дараа бид ердөө 1290 тохиолдолтой л байх байсан. Харамсалтай нь энэ халдвар геометр прогрессоор буюу экспоненциал өсөлттэй нэмэгддэг халдвар гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүн өвчний халдвартай үедээ халдвараа олон хүнд зэрэг тарааж, тэдгээр хүмүүс нь цааш дахин олон хүнд халдаадаг. Иймээс халдварын тоо өдөр бүр тогтмол тоогоор бус хоёр, дөрөв, найм дахин үржигдэн өсөх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний тохиолдлын нэмэгдэлт энэ хурдаараа үргэлжилбэл цаашид дунджаар 9–10 хоног тутамд хоёр дахин өсөх хандлагатай байна.
-Жишээ нь, яаж нэмэгдэх таамаг байна вэ?
-Ирэх сарын 6–8-нд 20.000 тохиолдол, 15-нд 40.000 тохиолдол, 19–20-нд 50.000 тохиолдол хүрэх боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл наадмын хөдөлгөөний үеэр улаанбурханы тархалт нэмэгдэж, батлагдсан тохиолд лын тоо 50.000 тохиолдолд хүрэх бодит эрсдэлтэй тулгарч магадгүй. Энэ бол 2015–2016 оны улаанбурханы томоохон дэгдэлтийн түвшинтэй бараг адил хэмжээнд очих эрсдэлтэй гэсэн үг. Тэр үед Монгол Улсад 50.000 гаруй хүн халдварлаж, олон хүүхэд эндсэн харамсалтай дэгдэлт гарч байсан. Өнөөдөр мөн тийм байдалд очиход хоёр, гуравхан долоо хоног үлдээд байж болзошгүй байна.
-Халдварлах чадвараараа хамгийн өндөр өвчин гэсэн. Тэгэхээр хүн ам олноор цугласан үед маш хурдан дэгдэнэ гэсэн үг үү?
-Тийм ээ, улаанбурхан бол амьсгалын замаар халддаг, халдварлах чадвараараа хамгийн өндөр нь. Өрөөнд ороод гарахад хоёр цаг орчим вирус нь агаар дээр унахгүй тогтож байдаг. Ханиалгах ч шаардлагагүй, өрөөнд хоёр цагийн өмнө орсон хүний амьсгал байхад л халдварлана гэсэн үг. Улаанбурхан бол вакцинжуулалтаар бүрэн урьдчилан сэргийлж болох өвчин. Хоёр тун вакцин хийлгэсэн тохиолдолд 97 хувь хүртэлх насан туршийн дархлаа тогтдог. Гэхдээ бүх нийтийг хамгаалъя гэвэл сүргийн дархлааны түвшин 96 хувиас дээш байх шаардлагатай. Хүн амын 96 хувь нь дархлаажсан байвал дэгдэлт гарахгүй, ганц нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирээд дарагдах боломжтой гэсэн үг. Хэрвээ бид нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж, Монгол Улсынхаа сүргийн дархлааны түвшинг нэмэгдүүлж чадвал энэ тархалтыг богино хуга цаанд хязгаарлах боломжтой. Энэ бол математикт суурилсан шинжлэх ухааны тооцоо. Мэдээж олон хүн цугларвал халдвар тархах магадлал өндөр болно. Дотор орчинд бужигнавал эрсдэл бүр л нэмэгдэнэ. Харин наадамчин олны тухайд жилдээ ганц тохиох баяр цэнгэл наадмаараа орон нутгийг зорих гэж байгаа бол хариуцлагатай байж, өөрөө болон хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй байна. Та өөрөө зүгээр байж болно. Гэхдээ аюулт өвчний вирусийг өөр хэн нэгний нялх хүүхдэд санаандгүй байдлаар тараах магадлалтай.
-Ер нь дархлаажуулалтын тогтолцоо бий болсноор ямар үр дүн гарсан байдаг вэ?
-Монголын хүн ам өмнө нь 600 мянга байсан. Дархлаажуулалтын тог толцоо бий болж нэмэгдсээр одоо 3.6 сая хүн амтай болсон байна. Энэ чигээрээ өсвөл хүн ам таван сая хүрэх тооцоотой байгаа нь дархлаажуулалтын тогтолцооны ашиг тус. Гэхдээ иргэд маань янз бүрийн зүйлд шуурахаасаа өмнө тоогоо л харах хэрэгтэй. Монголчуудын тоо нэмэгдэж байна, монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байна. Энэ бүхэн дархлаажуулалтын ач. Тийм учраас олон нийт та бүхэн өөрсдийн хүүхдийн вакцины дэвтрийг шалгаж үзээд, хэрэв бүрэн тунгийн вакциндаа хамрагдаагүй байвал хамруулах хэрэгтэй. Хохирсон хойноо биш өөрөө хохирохоос өмнө, бусдыгаа хохироохоос өмнө сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа