АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Сирийн эсрэг тавьсан ихэнх хоригийг албан ёсоор цуцлаж, АНУ-Сирийн харилцааны шинэ эрийн үеийг эхлүүллээ.
Мөн Сирийн эсрэг Америкийн хориг үгүй болсноор шинэ засгийн газар, удирдлагатай болсон тус улсад олон улсын зах зээлд гарах боломж нээгдэж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн томоохон тоглогч болох Израил улс ч Сиритэй харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээн нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар Америкийн хэвлэлүүд онцолж байна.
Д.Трамп өнгөрсөн хавар Ойрхи Дорнодын орнуудаар хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Сирийн шинэ засгийн газрын тэргүүн, ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзаж, тус улсын эсрэг тавьсан Америкийн хоригуудыг цуцлах болно хэмээн амлаж байснаа ийнхүү биелүүлэв.
Сирийн ерөнхийлөгч асан Башар Ассадын засаглалын эсрэг 2004 оноос эхлэн тавьсан АНУ-ын олон тооны хоригийг Д.Трамп ерөнхийлөгчийн зарлиг гарган цуцлаад байгаа бөгөөд түүний шийдвэрийн талаар Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Керолайн Ливитт хэлэхдээ, “энэ бол энх тайван, тогтвортой байдлын төлөөх замдаа явж буй улс оронд үзүүлж буй дэмжлэг юм” гэжээ.
Цагаан Ордноос нийтлэн танилцуулсан ерөнхийлөгчийн зарлигт Сири улсыг Ассадын дэглэм нуран унасны дараа ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн удирдлаган доорх Сирийн шинэ засгийн газрын бодлогын дагуу “өөрчлөгдөж, шинэчлэгдсэн” хэмээн онцолжээ.
Сирийн гадаад хэргийн сайд Ассаад аль-Шибани АНУ-ын шийдвэр нь тус улсын хувьд томоохон эргэлтийн цэг болж байгааг тодотгож, “Сирийн эдийн засгийн сэргэлтийг гацааж байсан саад тотгор арилснаар тус улсын удаан хугацаанд хүлээсэн сэргээн босголт, хөгжлийн гарц нээгдэж байна” хэмээн хэлсэн байна.
Гэхдээ АНУ Сирийн эсрэг бүх хоригоо цуцлаагүй бөгөөд ОХУ руу зугтааж, улс төрийн орогнол хүссэн өмнөх ерөнхийлөгч Башар Ассадын засгийн газартай холбогдох элементүүдийн эсрэг хоригууд үргэлжилсэн хэвээрээ байгаа юм.
Түүнчлэн АНУ Сири улсыг терроризмыг дэмжигч, хөрөнгө оруулагч улс хэмээн тодорхойлсон хэвээрээ байгаа ба энэхүү тодорхойлолт нь Сирид хөрөнгө оруулах явдалд мөн гацаа саад болсон хэвээрээ байгаа ажээ.