Мексикийн эрх баригчид картелийн гарт амь үрэгдсэн 20 хүний цогцсыг олжээ


Мексикийн эрх баригчид даваа гарагт тус улсын баруун хэсгийн Синалоа мужид картел буюу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн гарт амь үрэгдсэн 20 хүний цогцсыг олсон байна.

Сүүлийн саруудад картелиудын үйлдэж буй хүчирхийлэл улам нэмэгдээд байгаа бөгөөд өдөр бүр гэмт бүлэглэлүүдийн гарт амиа алдсан хүмүүсийн цогцос олдож байгаа гэнэ.

Ялангуяа Синалоа мужид үйл ажиллагаа явуулдаг Лос Чапитос болон Ла Маиза хэмээх хоёр том бүлэглэлиийн хооронд өнгөрсөн жилээс үүссэн зөрчилдөөний улмаас ийнхүү аллага, хүчирхийллийн хэргүүд өсөөд байгаа юм.

Даваа гарагт Синалоа мужийн нийслэл Кулиакан хотын гүүрнээс толгойг нь тасдсан дөрвөн хүний цогцсыг дүүжилсэн байсныг олсон байна. Зөвхөн даваа гарагт тус хотоос 20 хүний цогцос олдсон бөгөөд бүгд картелийн цуст дайны золиос болсон эрэгтэйчүүдийн цогцос байжээ.

Нүүрэндээ багтай, мотоцикль унаж зэвсэглэсэн залуус өдөр бүр Кулиакан хотын төв гудамж талбай, өргөн чөлөөг хянаж байгаа гэнэ.

Картелиудын хоорондох дайны улмаас энгийн иргэдийн өдөр тутмын амьдрал аюулд орж, компани аж ахуй нэгжүүд, сургуулиудын үйл ажиллагаа доголдолд орж, өдөр бүр хаалгаа барихад хүрж байгаа ажээ.

Синалоа мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Феличиано Кастро даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ хотод үүсээд буй хүчирхийллийг буруушааж, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг стратегиа ахин нэг авч үзэх болсныг Мексикийн эрх баригчдад хандан хэлсэн байна. Мөн тэрээр Синалоа мужид энх тайван байдлыг тогтооход цэрэг болон цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байгааг тодотгожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *