Олон улсын хөгжлийн тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн НҮБ-ын бага хурал даваа гарагт Испанийн Севилль хотноо нээгдээд байна.
НҮБ-ын ЕНБД А.Гуттерриш, Францын ерөнхийлөгч Э.Макрон, Кенийн ерөнхийлөгч Уилльям Руто, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зэрэг дэлхийн 50 орчим улс орны удирдагчид нэг дор чуулж буй энэхүү бага хурал даваа гарагаас пүрэв гарагийн хооронд 4 өдрийн турш зохиогдох юм.
Дэлхийн хамгийн том донор улсын нэг болох АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг болох USAID-ийн төсөл хөтөлбөрийн санхүүжилт болон үйл ажиллагааг зогсоож, ажилтнуудыг нь цомхотгосноор олон улсын хандив тусламжийн салбар, хандив тусламжаар амь амьдралаа залгуулдаг ядуу буурай орны олон сая хүн маш хүнд нөхцөл байдалд ороод байгаа билээ.
Ядуурал, халдварт өвчин, өлсгөлөн, байгалийн гамшигт өртсөн ядуу буурай олон орны иргэдэд үзүүлэх олон улсын хандив тусламжийн бодлого, хамтын ажиллагаанд Трампын засаг захиргааны дээрх шийдвэр асар их саад тотгор болж байгаа тул ийнхүү олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хандив тусламжаа нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү бага хурлыг зохион байгуулж байна.
Дэлхийн хэмжээнд 800 сая гаруй хүн өдөрт ердөө 3 ам.доллараар амь зууж байгаа гэсэн Дэлхийн Банкны судалгааны дүн гарсан бол мөн ядуу буурай хөгжилтэй улс орнуудын хамтатгасан нийт гадаад өр зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн хугацаанд 3 дахин өссөн талаар НҮБ-аас гаргасан судалгаанд онцолсон бөгөөд энэ удаагийн бага хурлын төгсгөлд “Севиллийн амлалт” хэмээх хандив тусламжийн санаачлага бүхий баримт бичгийг гаргахаар төлөвлөсөн ч энэ нь заавал дагаж мөрдөх ёсгүй баримт бичиг байх юм.
Өнгөрсөн сард Нью Йорк хотноо зохиогдсон НҮБ-ын чуулганы үеэр дээрх баримт бичгийг боловсруулсан бөгөөд дотор нь ядуурал болон өлсгөлөнгөөс ангижрах, жендерийн тэгш эрхийг тогтоох, татварын систем болон олон улсын санхүүгийн институцийг шинэчлэх, хөгжлийн банкуудын зээл олгох хүчин чадлыг 3 дахин өсгөх, татвараас зайлсхийх явдлын эсрэг хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг олон уриалга, санал санаачлагыг багтаажээ.
Хөгжлийн төлөөх санхүүжилтийн дөрөв дэх удаагийн олон улсын бага хуралд хандивлагч байгууллагууд, компани аж ахуй нэгжүүд, иргэний нийгэмлэг, санхүүгийн институци зэрэг олон салбарын 4000 гаруй зочид төлөөлөгчид ирж оролцож байна.