Турк улсын баруун хэсгийн Измир мужид дэгдсэн томоохон хэмжээний ой хээрийн түймрийн улмаас тухайн хэсгийн 50 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авчээ.
Хэт халуун, хуурай уур амьсгал болон хүчтэй салхины улмаас өнгөрсөн амралтын өдрүүдээр дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас ойр орчмын дөрвөн тосгон болон хоёр суурингийн 50 мянга гаруй оршин суугчийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн талаар тус услын Ойн сайд Ибрахим Юмакли мэдэгдсэн байна.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зуны улиралд цаг агаар хэт халуун, бас хуурай болоод байгаа нь ой хээрийн түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Туркийн эргийн бүс нутгуудаар ой хээрийн түймэр дэгдэх нь нэмэгдээд байгаа юм.
Туркээс гадна Франц улсад ням гарагт ой хээрийн түймэр дэгдсэн бөгөөд шалтгаан нь мөн л хэт халалт, хуурайшилттай холбоотой ажээ. Тус улсын баруун өмнөд хэсгийн Оде мужид 400 га газрыг хамарсан ой хээрийн түймрийг даваа гарагийн байдлаар цурманд оруулж, бүрэн хяналтанд авсан талаар Францын эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Франц улсад хэт халалттай холбогдуулан энэ долоо хоногийн дунд хүртэл улбар шар өнгийн түгшүүр зарлаж, 200 орчим сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож байгааг тус улсын Боловсролын яамнаас мэдэгдлээ.
Европын баруун болон төвийн хэсгийн улс орнуудад хэт халж байгаатай холбоотойгоор түгшүүрийн байдал зарлаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар Франц, Испани, Итали, Португал, Герман улсуудад агаарын хэм цельсийн +40 градус давж халж байгаатай холбогдуулан түгшүүр зарлаж, ард иргэддээ анхааруулга өгөөд байна.
Дэлхийн хэмжээнд хэт халалтын улмаас жилд дунджаар 480 мянга орчим хүн амиа алддаг бөгөөд энэ нь үер, газар хөдлөлт, хар салхины улмаас нас барсан хүмүүсийн тоог давсан үзүүлэлт болж, дэд бүтэц, эдийн засаг, эрүүл мэндийн халамжийн системд үзүүлэх эрсдэл нь улам бүр нэмэгдсээр байгааг Швейцарийн “Swiss Re” даатгалын группын зүгээс энэ сарын эхээр онцлон мэдээлж байсан юм.
Эрдэмтэд хэт халалтын гол шалтгааныг малтмал түлш шатааснаас үүдэн бий болдог хүлэмжийн хийн ялгарал, түүнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үзэгдэлтэй холбог тайлбарладаг. Өнгөрөгч 2024 он дэлхийн хамгийн халуун жил болсон билээ.