Т.Хонгор: Намайг өмсөж зүүснээр минь дүгнэж байгаа бол өнгөцхөн харсан байна даа л гэж хэлье


TIME.MN сайт энэ удаад “Тэнгисийн эрэг дээр 24.7” шоуны хоёрдугаар улирлын оролцогч Т.Хонгортой ярилцлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат Адуучин овогтой, адуунд хайртай Монгол хүү шүү би хэмээн биднийг угтсан тэрээр энэ зун эх орноо сурталчилсан томоохон арга хэмжээг Монгол залуустай хамтран зохион байгуулсан гэдгээ онцлон ярьж байв.

Урилга хүлээн авч манай редакцад ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд баярлалаа. Өөртэй чинь монголчууд телевизийн шоуны оролцогчоор анх танилцсан. Тэгвэл Т.Хонгор гэж яг хэн юм бэ ?

-Сайн байцгаана уу ? Намайг Төрмөнхийн Хонгор гэдэг.1993 онд ХБНГУ-ын Лейпцэг хотод төрсөн. 10 нас хүртэл Германд амьдарч байгаад 10 настайгаас хойш Монголдоо ирж амьдарсан. Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуульд ахлах анги хүртлээ сурч байгаад ахлах ангиа “Сант” сургуульд төгссөн. ШУТИС-ийг цахим системийн автоматжуулалтын ангийг цахилгааны инженер, Италийн нийслэл Ром хотод банк санхүүгийн чиглэлээр магистр хамгаалсан. Ерөнхийдөө боловсролыг дээдэлдэг гэр бүлээс гаралтай.Гэхдээ сүүлийн үед би урлаг уран сайхны чиглэлд эргэлт буцалтгүй орсон. Берлин рүү нүүгээд амьдралын хэв маягаа өөрчилсөн гэхэд болно. Одоогийн байдлаар чөлөөт уранбүтээлч, хөгжмийн продюсер, DJ, Загвар өмсөгч. Мөн олон залуусын нэгдэлд хамтарч ажилладаг, Герман дах Монгол залуусын соёлын холбоог үүсгэн байгуулсан Ерөнхийлөгчийн албыг нь хашиж байна. Мөн шоунд оролцсон (инээв) Ийм л хүн байна даа.

Таны танхимын боловсрол болон одоо хийж байгаа ажил хоёр эрс тэс мэт санагдлаа. Юу таныг урлаг сайхан уруу татчихав ?

-Өсвөр насанд байх үед аав ээж хоёр маань намайг сайн сурах ёстой, тэгж байж тэтгэлэг авна шүү гэж захидаг байсан. Суурь боловсролоо сайн эзэмших ёстой гэсэн аав ээжийн захиасыг биелүүлэхийн тулд бусад зүйлийг бодох орон зай надад байгаагүй. Тэгээд оюутан болсон цагаасаа хойш МУИС-ийн “Ротаракт” залуусын клубт нэгдэн  ТУЗ-ын гишүүн болсон. Клубийн залуустайгаа хамтран нийгэм рүү чиглэсэн олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ нийгмийн ажлууд маань намайг гадаадад тэтгэлгээр сурах боломжийг олгосон юм болов уу гэж боддог юм. Тэгээд Европт очсон доо. Гадаадад очсон цагаас бүх зүйл өөрчлөгдсөн. Би цаг хугацаагаа юунд зарцуулж болох вэ гэсэн бодол маш их орж ирдэг болсон. Мөн Ковидын үе их хүчтэй нөлөө үзүүлсэн. Цар тахлын үед амьдралаа эргэцүүлж их бодсон.Би нэг газраа 20, 30 жил ажиллаад тэтгэвэрт гарах юм уу эсвэл өөрийн сонирхлоор ажиллах уу гэж эргэцүүлсэн. Би хэзээ нэгэн цагт байхгүй боллоо гэхэд үнэ цэнтэй амьдарч чадсан уу гэх асуултад хариулахын тулд өөрийн сонирхлыг дагахаар, хувийн амьдралаа түр хойш тавиад бусдын төлөө цаг зарцуулах ёстой юм байна гэж бодсон.

Үнэнийг хэлэхэд би өөрийг тань гадаадад төрж өссөн монгол ахуй соёлоос хол байж магадгүй гэж бодож байлаа. Гэтэл эсрэгээрээ монгол соёлоо сайн мэддэг, өв соёлоо сурталчлахад тууштай анхаардаг хүн юм байна. Та бүхэн энэ 6 дугаар сард Монгол улсаа дэлхийд сурталчилсан маш том арга хэмжээнд амжилттай оролцжээ.

Гадаадад төрж өссөн хүмүүсийн эх орноо гэх сэтгэл илүү их байдаг юм шиг санагддаг. Энэ жил бид Берлиний соёлын багт наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон. 1996 оноос хойш буюу 29 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа соёлын том арга хэмжээ юм. Яг үнэнийг хэлэхэд энэ наадамд ноднин жил оролцох гэж их хичээсэн. Гэвч хүн хүч, төсөв санхүү, төлөвлөлтөөс болоод чадаагүй. Гэхдээ би энэ том багт наадамд Монгол улсаа оролцуулах юм сан гэсэн мөрөөдөл минь хэвээр л байсан. Олон сая хүн үздэг энэ наадмаас Монгол улс хаана байна гэж асуух хүүхэд залуус олон байдаг. Тэгээд би “Тэнгисийн эрэг дээр 24.7” шоунд оролцоод дуу хоолойгоо хүргэе гэж бодсон. Олон нийтэд энэ наадмын мэдээллийг хүргэх, олон нийтийг хамруулах вэ гэж бодсоны эцэст  шоунд оролцсон. Тэгээд Берлиний соёлын багт наадамд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож чадсан.

Яг л мөрөөдөл зүүд биелсэн мэт маш олон хүний хичээл зүтгэлээр бүтсэн. Хэдэн сарын турш цалингүй, хэн нэгнээс ашиг сонирхлын хараат бус цэвэр монголоо гэсэн залуусын нэгдэл, эх орноо гэсэн сэтгэл дээр бүтлээ. Европт амьдардаг хэдэн зуун монголчууд ирсэн. Уйлах нь уйлж, инээх нь инээж баярлаж найрлаад маш гоё мэдрэмж авсан. Цам харайх, монгол бүжиг, уртын дуу, хөөмий, хархираа, морин хуур гээд өв соёлоо сурталчилсан. Энэ ярилцлагыг уншиж буй бидэнд итгэж тусласан хүмүүст маш их баярлалаа гэж хэлье.Нийт 66 улс оролцсоноос Монголчууд дэд байр эзэлсэн, мөн хоолны фестивальд тэргүүн байрыг эзэлсэн. Үндсэндээ маш амжилттай оролцсон гэж нүүр бардам хэлье. Үгээр хэлж, эд баялагаар хэмжих аргагүй үнэт зүйлийг Монголчууд бид буй болгож чадсан.

Дэлхий даяар даяаршлын тухай ярьж байгаа ч дангаарших тухай бид мартаж болохгүй байх. Монголчуудын бас нэгэн бахархал бол Монгол наадам. Та төрийн наадмын талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач

-Монгол наадмынхаа тухай ярих төдийд л биеийн шар үс босож байна. Би аавынхаа талаас уяач удамтай азтай Монгол хүү . Тийм ч учраас Германаас ирээд монгол ахуйдаа маш хурдан  дассан. Манай ургийн овог Адуучин шүү дээ.  Тийм ч учраас Монгол ахуй, монгол адуу, Монгол наадмаа бахархан хүлээдэг гэр бүл. Жилийн турш улсын наадмаа хүлээж, улсын наадамдаа л бэлддэг хүмүүс дээ. Манай авга талынхан жил бүр хүй 7 худагт  “Түмний хурд” галаараа сайхан наадацгаадаг. Одоо ч энэ жилийн наадмаа ярилцаж, надад урлаг соёлын арга хэмжээг нь хариуцуулаад өгчихсөн л байж байна. Би ер нь малчдыг Монгол улсын үнэт зүйл гэж боддог. Газар нутагтаа эзэн нь болж хамгаалж байгаа малчдаа хайрлаж дэмжих гэж боддог.  Манай гэр бүлийнхэн ч мөн адил ингэж боддог.

Нэгэнт таныг урьж ярилцсаных “Тэнгисийн эрэг дээр 24.7” шоуны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Та энэ шоунд оролцох шийдвэрээ хэр удаан бодож байж гаргасан бэ ?

Миний ганц нэг найз шоуны нэгдүгээр улиралд орчихсон байсан. Би дотроо энэ миний оролцох шоу биш байх урдах ажлаа хийгээд л явж байя гэж бодож байсан. Гэхдээ над шиг гадаадад олон жил амьдарсан хүмүүс эргээд монголдоо суурин амьдаръя гэхэд бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй болдог. Манай гэрийнхэн ялангуяа ээж минь энэ шоунд орохыг эхлээд зөвшөөрөөгүй. “Яах гэсэн юм бэ миний хүү өөрийнхөө ажлыг хийгээд л яв” гэхэд нь үгүй ээ ээжээ би эргээд монголдоо ирж амьдрахад энэ шоу надад том тус болно гэж хэлсэн. Ээж миний үгийг сонсоод за тэгвэл амжилт хүсье, болгоомжтой байгаарай. Миний хүү гадаадад удчихсан монголоор сайн ярьж чадахгүй, өөрийгөө зөв илэрхийлээрэй, буруу зөрүү ярих вий гэж захисан. Хувь хүний амьдралд нэг л тохиож болох нандин дурсамж юм даа. Хамгийн наад зах нь манай гэр бүлийнхэн намайг энэ хүн найз нөхдийнхөө дунд ямар харилцаатай байдаг юм, охидтай яаж харилцаж байна, өөрийгөө яаж илэрхийлж байна гээд гэдгийг харсан байх. Би шоунд орсноосоо хойш гэрийнхэнтэйгээ их дотно болсон. Шоунд орсондоо маш их баяртай байна. Мөн өөрөөрөө маш их бахархаж байгаа.

Шоуныхаа оролцогчидтой холбоо харилцаатай байдаг уу ?

-Бусад хүмүүсийн өмнөөс би ярьж чадахгүй нь. Миний хувьд 7 хоногийн өмнө нутагтаа ирлээ. Намайг хасагдсанаас хойш орж ирсэн хүмүүстэйгээ дотно сайхан харилцаатай байгаа. Нэг виллад 24 цаг утасгүй, сэтгэл санааны хувьд давлагаатай үеийг хамтдаа туулсан учраас дотно л болдог юм билээ. Нөгөө талаас харахад манай ард түмэн шоуныхаа оролцогчдыг шоглоод хаячихдаг юм билээ. Бид нар хоорондоо дотно байя гэхэд үзэгчид маань эвдлээд байх шиг санагдсан.

Та үзэгчдийн хайр хүндэтгэлийг татаж чадсан тэр хэрээр бас хамгийн их үзэн ядалтад өртсөн оролцогч байлаа. Таны зураг, бичлэг цахим орчинд тарж нэг хэсэг шуугиан тарьсан ?

-Юу болсныг сонсож харж байсан. Дуулиантай адармаатай,тод, чанга оролцогч байж дээ гэж бодоход хүрсэн. Мэдээж би бүх зүйлийг урьдчилан тооцоолж оролцсон. Сэтгэл санаагаа ч бэлдсэн байсан. Гэсэн хэдий ч хэдэн мянган хүн орж ирж, улс орноороо давлагаалж нийгмийн сүлжээгээр дайрч, доромжлох тохиолдолд ямар ч сэтгэлийн хаттай хүн бэлэн байх боломжгүй юм билээ. Өмссөн зүүсэн хувцас хунар, бэлгийн чиг хандлага, арьсны өнгө,итгэл үнэмшил гээд хүний заяагдмал үндсэн эрхийг зөрчиж байгаа асуудал. Намайг өмсөж зүүснээр минь дүгнэж байгаа бол өнгөцхөн харсан байна даа л гэж хэлье. Нийгэм ямар байгааг би өөрийн биеэр мэдэрчхэж байгаа юм болов уу гэж бодсон. Гэхдээ намайг дэмжсэн хүмүүс маш их байсан. Тэр бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Би дэмжсэн бүх чатад хариу өгсөн. Харин доромжилсон хүмүүст хандаж хэлэхэд та нартай юу ч ярих вэ дээ.

Шоуны оролцогч Мичи та хоёрын харилцаа үргэлжилж байгаа юу ?

Болзох үерхэл асуудал цаашдаа байж болно. Байхгүй ч байж болно. Цаг хугацаа аяндаа харуулах биз. Одоогийн байдлаар Мичи бид хоёрын харилцаа үерхлийн түвшинд хүрсэн зүйл алга л байна. Ядаж байхад бид хоёр нэгнээ хараагүй маш их удчихлаа. Бусад оролцогчид ч мөн ялгаагүй. Бид нар хэр найзууд болох юм, үерхэх хэмжээний юм уу, сайн найзын түвшнийх юм уу гэдэг нь тодрох боломжгүй л нөхцөл байдалд байна. Мэдээж үзэгчид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэхийг хүсэж байгаа байх. Сая жишээ нь би Мичи дээр очиж шүдээ янзлуулчхаад л энд ирлээ (Инээв)

Цаг гарган ярилцсан танд баярлалаа  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *