Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 ой хээрийн түймэр гарснаас 300 гаруй алба хаагчид унтраахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 28 удаагийн ой хээрийн түймэр гарсан бөгөөд Сэлэнгэ аймагт 24, Төв аймагт 2, Дархан-Уул аймагт 2 түймэр гарчээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Он гарсаар 170 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 25 хувийг хиймэл дагуул буюу түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 6 орчим хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.
Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: “Улсын хэмжээнд долдугаар сарын 09-ний байдлаар 12 аймгийн 26 суманд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсаны найм нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 27.6 хувь, амь насаа алдсан хүний тоо 32.5 хувиар тус тус буурсан хэдий ч өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 5 хоногийн хугацаанд 18 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.
