2008 оноос эхлэн Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж ирсэн.
Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.
Харин 1992 оноос хэрэглэж буй Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдагтай холбоотой.