Дэлхийн хамгийн бага төрөлттэй улсад нөхөн үржихүйн эмнэлгүүд цэцэглэж байна


Дэлхийн хамгийн бага төрөлттэй Өмнөд Солонгос улсад нөхөн үржихүйн эмнэлгүүд цэцэглэн хөгжиж, тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа талаар BBC агенлаг онцолж байна. 

Эмэгтэйчүүдийн дундах үргүйдэл, хүн амын хямралд ороод буй БНСУ-д 2018-2022 оны хооронд хийгдсэн нөхөн үржихүйн эмчилгээ 50 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан бөгөөд өнгөрөгч 2024 онд нийслэл Сөүл хотод мэндэлсэн 6 хүүхэд тутмын нэг нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний дагуу мэндэлсэн хүүхдүүд байжээ.

Үүний үр дүнд 2024 онд Өмнөд Солонгосын төрөлтийн тоо хэмжээ 9 жилийн дараа анх удаа өссөн үзүүлэлттэй гарсан байна. 

Тус улсын нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн хэмжээ 2018 онд 0.98 хүүхэд, 2020 онд 0.84 хүүхэд, 2023 онд 0.74 хүүхэд байсан ба хүн амзүйн салбарын эксперт мэргэжилтнүүд энэ чигээрээ үргэлжилвэл Өмнөд Солонгосын 50 сая хүн ам 60 жилийн дотор хоёр дахин багасах болно хэмээн анхааруулж байсан юм. Нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн дэлхийн дундаж хэмжээ 2.2 хүүхэд байдаг байна.

Гэвч өнгөрсөн жил дээрх хэмжээ 0.75 болж, бага ч гэсэн өсөлт ажиглагдсан нь өөдрөг төсөөллийг тус улсад авчраад байна. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь нөхөн үржихүйн эмнэлгүүд бөгөөд цэцэглэн хөгжиж буй энэхүү салбарын зах зээл 2030 он гэхэд 2 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэх хэтийн төлөвийн тооцоолол гарчээ.

Гэвч тус улсын гэрийн эзэгтэй хүүхдээ асрах үүрэг хариуцлага хүлээдэг тогтсон уламжлалт ёс заншил, хүүхэдтэй болоход учирдаг нийгэм болон эдийн засаг, санхүүгийн дарамт зэргээс шалтгаалан олон залуус гэр бүл зохиож, хүүхэдтэй болохоос эмээж, зайлсхийж байгаагаас гадна өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын 5 иргэн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай байгаа зэргээс шалтгаалан төрөлт цаашдаа өсөн нэмэгдэх нь эргэлзээтэй байгаа юм. 

БНСУ-ын засгийн газраас хүн амын бодлогодоо анхаарал хандуулж, төрөлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх үүднээс нөхөн үржихүй болон үр шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан төрөөс татаас олгож эхлээд байна. Жишээ нь өндгөн эсийг хөлдөөхөд 2 сая хүртэлх вон, үр шилжүүлэн суулгах эмчилгээ бүрт 1.1 сая воны татаас олгож байгаа ч нөхөн үржихүйн эмнэлгүүдийн өндөр төлбөрт хаанаа ч хүрэлцдэггүй талаар Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд гомдоллосон байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *