Дэлхийн хамгийн өндөр настай марафон гүйлтийн тамирчин гэгдэж байсан Энэтхэгийн иргэн Фаужа Сингх автомашинд мөргүүлэн, 114 насандаа таалал төгссөн талаар түүний төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ.
Энэтхэгт төрсөн, Их Британийн иргэн Фаужа Сингх нь 89 настайдаа Лондоны марафонд оролцон, рекорд тогтоосноор олонд танигдаж, алдаршиж байсан бөгөөд тухайн үедээ эхнэр болон нэг хүүгээ алдсаны дараа зурагтаар марафон гүйлтийн тэмцээн үзээд өөрөө оролцох урам зориг авч байсан ажээ.

Түүнийг даваа гарагт Энэтхэгийн Пунжаб мужийн Жаладхар тойргийн Биас тосгонд автомашинд мөргүүлж, амиа алдсан болохыг түүний төлөөлөгч, намтрыг нь бичиж буй Кушвант Сингх өөрийн Х хуудсандаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Тус мэдэгдэлд Фаужа-г гарцаар гарч явахад нь үл мэдэгдэх машин дайрсан болохыг мэдээлжээ.
Фаужа Сингхэд төрсний гэрчилгээ байдаггүй боловч түүний гэр бүлийнхэн нь түүнийг 1911 оны 4-р сарын 1-нд төрсөн хэмээн хэлж байсан гэнэ. Хэдийгээр түүнийг “дэлхийн хамгийн өндөр настай марафон гүйлтийн тамирчин” хэмээн цоллодог байсан ч албан ёсны төрсний гэрчилгээгүй буюу насыг нь тогтоох боломжгүй учраас Гиннессийн зүгээс түүнд дэлхийн дээд амжилтын сертификат олгож байгаагүй байна.
Фаужа Сингх 100 нас хүртлээ холын зайн бүтэн марафон буюу 42 км-ийн марафонд оролцож байсан бөгөөд хамгийн сүүлд тэрээр 101 настайдаа 2013 оны Хонконгийн марафоны 10 км-ийн тэмцээнд оролцож, 1 цаг 32 минут 28 секундэд барианд орж ирж байжээ.

Мөн тэрээр 2004 оны Афины, 2012 оны Лондоны зуны Олимпын наадмуудын галт бамбарын буухианд оролцож байсан бөгөөд Дэвид Бекхэм, Мухаммед Али зэрэг спортын алдартнуудтай реклам, сурталчилгааны зураг авалтад хамтдаа оролцож байсан юм.
Түүнийг нас барсан явдалд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрийн нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна.