Зуны олимпын XXXIV наадам 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болно.
Хэдийгээр олимпын наадмын нээлт долдугаар сарын 14-нд болох ч долдугаар сарын 12-ноос уралдаан тэмцээнүүд эхэлнэ.
Тухайлбал хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлүүдийн хэсгийн тоглолтууд энэ өдөр эхлэх юм.

Харин хамгийн анхны медалийн эзэд долдугаар сарын 15-нд тодрох бөгөөд триатлон, жүдо, хөнгөн атлетик, рагби-7, буудлага, сэлүүрт завины төрөлд анхны аваргууд төрнө.
Олимпын наадмын хаалтын өдөр буюу долдугаар сарын 30-нд бокс, чөлөөт бөх, марафон, дугуй, усанд сэлэлт, мөн сагсанбөмбөг, волейболын төрлийн шигшээ уралдаан, тоглолт болох юм.
Лос Анжелес болон түүний дагуул хотуудаас гадна Сан Диего, Сан Франциско хотуудад хөлбөмбөгийн тоглолтууд болох аж.
Зуны олимпын ХХХIV наадам эхлэхэд 1094 хоног үлдлээ.
