Неймар ногоон талбайдаа эргэн ирлээ


Бразилийн шигшээ багийн хөлбөмбөгч Неймар Саудын Арабын “Аль Хилал” багт очсоноосоо хойш гэмтлийн улмаас хоёр жилийн хугацаанд ердөө гуравхан тоглолтод оролцсон.

Арабт “агаар таараагүй” Неймар 2025 он гарахад төрөлх “Сантос”-тоо эргэн ирсэн билээ. Гэвч Бразилдаа хариад удалгүй дахин гэмтэл авч хоёрдугаар сараас хойш нэг ч тоглолтод бүтэн талбайд гараагүй.

Харин өчигдөр (07.16.2025) болсон Бразилийн дээд лиг “Brasileirao Serie A” -ийн 14 дэх тойргийн “Фламенго”-той хийсэн тоглолтод Неймар бүтэн тоглолоо. Бүтэн тоглоод зогсолгүй тоглолтын 84 дэх минутад цорын ганц гоолыг оруулан, төрөлх багтаа хожил авчирлаа.


Неймар мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа “Сантос”-оос эхэлж, 2009-2013 онд тоглохдоо 103 тоглолтод 54 гоол оруулж байсан билээ.
Харин энэ жил эргэн “Сантос”-доо нэгдсэнээс хойш лигийн тав дахь тоглолтоо хийж, анхны гоолоо оруулсан нь энэ.
Хэрэв гэмтэл бэртлээс хол байж чадвал Неймар ирэх зун болох ДАШТ-д Бразилийн шигшээд тун хэрэгтэй.

Неймар 2010 оноос хойш Бразилийн шигшээ багтаа 128 удаа тоглож, 79 гоол оруулсан бөгөөд тоглосон тоогоороо Кафугийн (142) дараа хоёрт, гоолын тоогоороо нэгдүгээрт ( Пеле 77 гоолоор хоёрт, Роналдо 62 гоолоор гуравт) бичигдэж байгаа юм.
ЗЗ настай Нэймарын хувьд 2026 оны ДАШТ-д амжилттай тоглох гол зорилготой байгаа билээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *