В.Зеленский энэ долоо хоногт энхийн яриа хэлэлцээ явуулахыг Москвад уриалжээ


Украины ерөнхийлөгч В.Зеленский Орос, Украины хоорондох ээлжит шатны энхийн яриа хэлэлцээг энэ долоо хоногт явуулахыг уриалж, шинээр эхлээд буй хоёр талын хэлэлцээг үргэлжлүүлж, шинэ түвшинд гаргах ёстой гэдгийг онцолсон байна.

Тэрээр өнгөрсөн бямба гарагт гаргасан уриалгадаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй шууд хэлэлцээ явуулахыг санал болгож, хоёр орны удирдагчдын түвшний уулзалт, яриа хэлэлцээгээр л урт удаан хугацаанд оршиг тогтнох энх тайванд хүрч чадна гэжээ.

Хоёр талын хооронд хоёр удаа Туркийн Истанбул хотноо хэлэлцээ хийсэн боловч гал зогсоох тохиролцоонд хүрэлгүй, зөвхөн олон тооны хоригдол цэрэг болон цогцос солилцох олон удаагийн солилцоог явуулсан билээ.

Мөн сүүлийн яриа хэлэлцээний үеэр Оросын талаас Украинд эзлэсэн газар нутгийг өөрийн бүрэлдэхүүнд багтаах, барууны бүх төрлийн цэрэг зэвсгийн дэмжлэгээс Украин улс татгалзаж, төвийг сахих зэрэг шаардлагуудыг тавьсан бол Киевийн зүгээс үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Кремлийн зүгэс энэ сарын эхээр Украинтай ээлжит яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч дайныг зогсоох үүднээс ОХУ-д 50 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд энхийн гэрээ байгуулахгүй тохиолдолд Орос болон тус улстай худалдаа хийдэг улс орнуудад өндөр тариф тогтооно хэмээн сүрдүүлсэн. Трамп мөн Украинд үзүүлэх зэвсгийн туслалцаагаа сэргээн үргэлжүүлж, НАТО-гийн орнуудын хөрөнгийн дэмжлэгтэйгээр Украинд агаараас хамгаалах Patriot системийг илгээхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Украины тавьсан дараагийн шатны яриа хэлэлцээг эхлүүлэх саналд Оросын талаас эерэг хариу үйлдэл үзүүлж, шинэ хэлэлцээний товыг тун удахгүй тогтоон зарлах бөгөөд гурав дахь уулзалтыг мөн л Туркийн Истанбул хотноо зохион байгуулах төлөвтэй байгаа талаар Оросын төрийн өмчит мэдээллийн агентлагууд мэдээллээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Оросын төв телевизэд ням гарагт өгсөн ярицлагадаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины асуудлыг аль болох түргэн хугацаанд энхийн шийдэлд хүрч, зогсоох хэрэгтэй гэдгийг удаа дараа онцолсныг дамжуулсан байна. 

Харин энэ үеэр талууд харилцан агаарын довтолгоо үзүүлсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины зүгээс Оросын эсрэг 230 гаруй дроноор довтолжээ. Үүнээс ОХУ-ын нийслэл Москва хот руу 27 дроноор довтолсны улмаас дөрвөн том нисэх онгоцны буудал хаагдахад хүрч, хамгийн багадаа 140 нислэг цуцлагдсан байна.

Украины довтолгооны улмаас хүний амь нас үрэгдээгүй бол эсрэгээрээ Оросын талаас Украинд үзүүлсэн дроны цохилтын улмаас 3 хүн амь үрэгдсэн талаар орон нутгийн албаныхны зүгээс мэдэгдсэн юм. Тодруулбал, төвийн хэсгийн Днепропетровск мужид 2 хүн амь үрэгдсэн бол Одесса хотод нэг хүн амь эрсэджээ.

Европын Холбооны зүгээс өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын эсрэг 18 дахь удаагийн багц хориг арга хэмжээг авахаар батласан бөгөөд үүнд Оросын банкууд, газрын тосны экспортын үнийн дээд хязгаарыг бууруулах зэрэг арга хэмжээг авахаар багтаасан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *