Монголын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааг эхлүүллээ.
Тодруулбал хөлбөмбөгийн дэд бүтцийг хөгжүүлэх болон хөлбөмбөгийн дасгалжуулагч зэрэг боловсон хүчин солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь хоёр байгууллагын нөөц бололцоо, туршлагад тулгуурлан хоёр орны хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагааг батжуулан тогтоох, олон улсын спортын солилцоог идэвхжүүлэх зорилготой хэмээн БНСУ-ын Гуяан хотын удирдлага мэдэгджээ.
Хэлэлцээрийн үндсэн дээр хоёр байгууллага энэ оны сүүлийн хагасаас хамтын ажиллагааны тодорхой хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Ийн хамтран ажиллах болсноор өвлийн улиралд Монголын тамирчид БНСУ-д бэлтгэл хийх, хамтын нөхөрсөг тоглолт зохион байгуулах, гэрээний хугацаанд Монголын дасгалжуулагчид БНСУ-д сургалтад хамрагдах боломж нээгдэж байгаа юм.

