Ням гарагт явагдсан Японы парламентын сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан Нам ялагдал хүлээгээд байгаа ч тус улсын ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа буухгүй, үлдэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Либерал Ардчилсан Намын тэргүүлсэн эвсэл парламентын дээд танхим дахь олонхын суудлаа алдаж, дээд доод хоёр танхимд цөөнхийн суудалтай болсноор Шигэрү Ишиба-гийн тэргүүлсэн засгийн газар ганхаж магадгүй болоод байна.
Энэ удаагийн сонгууль дотоодын үнийн өсөлт болон АНУ-ын тарифын сүрдүүлэг зэрэгтэй давхцсанаараа онцлогтой болсон бөгөөд санал тооллого хараахан дуусаагүй байгаа юм.

Сонгуулийн дараа Либерал Ардчилсан намын төв байранд явагдсан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Ш.Ишиба-гаас намын дарга болон ерөнхий сайдын албанд хэвээрээ үлдэх үү гэж асуухад тэрээр “яг тийм” хэмээн хариулсан байна.
Тэрээр хэлэхдээ “бид АНУ-тай маш чухал тарифын хэлэлцээ хийж байна…бид уг хэлэлцээг хэзээ ч нурааж болохгүй” гэжээ. Хэрвээ Япон улс АНУ-тай худалдааны гэрээ байгуулж чадахгүй тохиолдолд ирэх сарын 1-нээс эхлэн 25%-ийн тариф төлж эхлэх болно.
Энэ удаагийн сонгуулиар түүний тэргүүлсэн Либерал Ардчилсан Нам болон Комейто намын хамтарсан эрх баригч эвсэл нийт 125 суудалтай парламентын дээд танхимд 46 суудал авснаар олонх болж чадахгүй гэдэг нь NHK, Nippon TV, TBS зэрэг телевизийн сувгуудаар дамжуулсан сонгуулийн урьдчилсан дүнгээс тодорхой болоод байна.
Өнгөрсөн оны 10-р сард явагдсан парламентын доод танхимын сонгуульд ялагдал хүлээж, цөөнх болсны дараа эрх баригч эвсэл ийнхүү дээд танхимын сонгуульд мөн ялагдал хүлээснээр хоёр танхимд цөөнх боллоо. Энэ нь 1955 онд үүсгэн байгуулагдаж байсан тус намын түүхэнд анхны тохиолдол болж байна.
Ийм муу үр дүн гарахад хүргэсэн, өдгөө 68 настай Шигэрү Ишиба-г огцруулах санал гаргаж, итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах улс төрийн хангалттай хүч чадал парламентын дээд танхимд байхгүй учраас энэ удаагийн сонгуулийн дүн засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах боломжгүй юм.
Харин түүнийг огцруулах, намын даргыг солих эсэх асуудал нам дотроо үүсэж магадгүй байгаа ажээ.
Энэ удаагийн парламентын дээд танхимын сонгуулиар улс төрийн барууны үзэл баримтлалт, популист Сансейто нам томоохон амжилт үзүүлээд байна. Цагаачлал, даяарчлал, гадны хөрөнгө оруулалт зэрэгт эрс шүүмжлэлтэй ханддаг, “Япон нэгдүгээрт” хэмээх уриа лоозон бүхий тус нам дээд танхимд 14 суудал авч магадгүй байгаа юм.
