АНУ-ын Нью Йорк мужийн Лонг Айленд арлын Уэстбери хотын эмнэлгийн MRI буюу соронзон резонанст томограф шинжилгээний машинд 61 настай эрэгтэй сорогдон амиа алдсан хэрэг гарчээ.
Уэстбери хотын Нассау тойргийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд хүзүүндээ хүнд төмөр гинж зүүсэн байсан тухайн эрэгтэй MRI машин ажиллаж байсан өрөө рүү зөвшөөрөлгүй нэвтэрснээр уг харамсалтай хэрэг болсон байна.
Тэрээр хүзүүндээ хүндийн өргөлтийн дасгал сургуулилалтад ашиглах зориулалттай, тусгай түгжээтэй, 9 кг орчим жинтэй метал гинж зүүсэн байжээ.
Амиа алдсан эрэгтэй тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Эдриен Жонс-Макаллистер хэмээх өвчтний нөхөр болох Кейт Макаллистер гэгч байсан талаар тэрхүү өвчтөн орон нутгийн хэвлэлд ярьсан бөгөөд өөрийгөө MRI шинжилгээ хийлгэж дуусчихаад өрөөнд орж ирэхийг дуудсаны дараа дээрх үйл явдал болжээ.
Хэрэг явдал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон бөгөөд тухайн эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна.
MRI төхөөрөмж нь маш хүчтэй соронзон оронг үүсгэдэг бөгөөд өвчтнүүдийг шинжилгээнд хамрагдахын өмнө бүх төмөр, метал эд зүйлсээ хураалгаж, биеийнхээ аль нэг хэсэгт хийлгэсэн пирсинг буюу ээмгээ тайлж, мөн хувцсаа тайлахыг шаарддаг юм.