Өмнөд Солонгост үер, хөрсний гулсалтын улмаас 17 хүн амь үрэгджээ


Өмнөд Солонгос улсад олон өдрийн турш үргэлжлэн орсон хур борооноос үүдэлтэй үер болон хөрсний гулсалтын улмаас 17 хүн амь үрэгдээд байгаа талаар тус улсын гамшиг зохицуулалтын албанаас мэдээллээ.

Түүнчлэн 11 хүн сураггүй болоод байгаа тул дээрх тоо нэмэгдэж магадгүй байгаа ба эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. 

Үерийн улмаас Өмнөд Солонгос улсын өмнөд хэсгийн Санчёнд хамгийн олон буюу 6 хүн амиа алдаж, 7 хүн сураггүй алга болсон байна. 

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн зогсолтгүй орсон усархаг борооны улмаас тус улсын төвийн болон өмнөд хэсгийн бүс нутгийн 10000 орчим хүнийг үерийн аюултай бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн бол тухайн хэсгийн 41000 айл өрх тог цахилгаангүй болжээ.

Төвийн хэсгийн Чунчён хавьд томоохон хөрсний гулсалт болж, бүтэн тосгон тэр чигтээ шороонд дарагджээ.

Байгалийн гамшгийн улмаас олон автозам, гүүр, байшин барилгууд нурж, эвдэрч сүйдээд байгаагаас гадна ихээхэн хэмжээний мал сүрэг болон газар тариалангийн бүс хохирол амсаад байна. 

Ням гарагийн байдлаар хур тунадас БНСУ-ын нийслэл Сөүл хот болон тус улсын хойд хэсгийн бүсүүдэд шилжиж эхэлсэн бөгөөд цаг уурын албаны зүгээс ням гарагийн оройноос эхлэн хур бороо татрах хэдий ч үргэлжлээд хэт халах талаар анхааруулжээ.

Ням гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн гамшигт өртсөн бүс нутгуудад онцгой байдал зарлах тушаал гаргаж, засгийн газрын харьяа олон албаны хамтарсан нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ. Дотоод хэргийн сайд Юн Хо Жун орон нутгийн эрх баригчдаас мөн бүхий л боломжтой нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг даалгасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *