Дэлхийн 25 улс Газын зурваст гал зогсоохыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргалаа


Даваа гарагт дэлхийн 25 улс Газын зурваст гал зогсоохыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар Их Британийн гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Дэвид Лэмми даваа гарагт парламентын хуралдаанд албан ёсоор мэдэгджээ.

Тус хамтарсан мэдэгдэлд Палестинд хүмүүнлэгийн тусламж тарааж буй Израилын шинэ системийг аюултай хийгээд тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байна хэмээн буруушааж, Израил улсыг олон улсын хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх ёстойг тодотгож, яриа хэлэлцээг түргэтгэн нэн даруй гал зогсоохыг уриалжээ.

Дээрх хамтарсан мэдэгдэлд Австрали, Австри, Бельги, Дани, Исланд, Испани, Ирланд, Итали, Их Британи, Канад, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словени, Финланд, Франц, Швед, Швейцарь, Шинэ Зеланд, Эстони, Япон гэсэн 25 улс, мөн ЕХ-ны гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан байна.

Тус мэдэгдэлд Израил улсыг Газын зурваст тогтоосон хилийн хоригоо нэн даруй цуцлаж, тусламжийг чөлөөтэй нэвтрүүлж, НҮБ болон бусад хүмүүнлэгийн чиглэлийн ТТБ-уудын үйл ажиллагааг аюулгүй, үр дүнтэй явуулах боломж бололцоогоор хангахыг уриалахаас гадна Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг шаардсан байна.

Мөн энэхүү аймшигтай зөрчилдөөнийг зогсооход чиглэгдсэн хамтын хүчин чармайлтад олон улсын хамтын нийгэмлэгийг нэгдэхийг уриалж, цаашид цус урсгах шаардлагагүй гэдгийг онцолжээ.

Сүүлийн үед Газын зурваст энгийн иргэд олноороо амь насаа алдаж, үхэж үрэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү дэлхийн улс орнууд тус бүс нутагт гал зогсоож, Хамас бүлэглэлийн эсрэг дайтаж буй Израил улсыг нэн даруй гал зогсоохыг уриалан шаардсан хамтарсан мэдэгдлийг ийнхүү гаргаад байна.

Өнгөрсөн 5-р сард Газын зурваст хүнс болон хүмүүнлэгийн тусламж тараах кампанит ажлыг АНУ-ын тэргүүлсэн GHF хэмээх сангаас явуулж эхэлсэн бөгөөд цөөн байршилд бага хэмжээний тусламжийг тарааж буй уг кампанит ажлын аюулгүй байдлыг Израилын зэвсэгт хүчин давхар хариуцан ажиллаж байгаагаас үүдэн өдөр бүр Палестины энгийн иргэд буудуулан амиа алдсаар байгаа юм. Газын зурвасын эрүүл мэндийн албаныхны зүгээс хүмүүнлэгийн тусламж тарааж эхэлснээс хойш 1021 хүн амь үрэгдээд байгааг мэдээлжээ.  

Олон улсын хамтарсан мэдэгдлийг Хамас бүлэглэлийн зүгээс эерэгээр хүлээн авч буйгаа албан ёсоор мэдэгдсэн бол Израилын ГХЯ-аас хамтарсан мэдэгдлийг няцаасан мэдэгдэл гаргаж, Израилын эсрэг чиглэсэн бүхий л буруутгалаа энэ дайныг эхлүүлж, мөн сунжруулж байгаа Хамас бүлэглэлийн эсрэг чиглүүлэх ёстой хэмээн мэдэгджээ.

Ийнхүү нэн даруй гал зогсоохыг шаардсан дэлхийн 25 улсын хамтарсан мэдэгдэл гарах үеэр Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын төвийн хэсгийн Бейр эл-Балах хотыг бөмбөгдөж эхэлсэн байна. Ням гарагт тухайн хэсгийн 50-80 мянган орчим оршин суугчдыг нэн даруй хотыг орхин гарахыг тушаасан бол даваа гарагаас цэрэг дайны ажиллагаагаа эхлүүлжээ.

Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Газын зурвасын 2 сая гаруй хүн ам бараг бүгд хамгийн багадаа нэг удаа орон гэрээсээ дайжихад хүрсэн бөгөөд одоогийн байдлаар Газын зурвасын газар нутгийн 87% хувь нь нүүлгэн шилжүүлэх тушаалтай, эсвэл Израилын цэрэг зэвсэг байрлаж байна.

Мөн дайн эхэлснээс хойш Газын зурваст амь үрэгдсэн хүний тоо 59,029 хүрснийг Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Харин Хамасын анх олзолсон 251 барьцааны хүнээс өнөөдрийн байдлаар 49 нь Газын зурваст барьцаалагдсан хэвээрээ байгаа ба тэдний 27 нь амиа алдсан болохыг Израилын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *