Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хужирт нарийны Зөрүүлэг багийн нутагт 5 иргэн Орхон голын дунд усанд боогдон гацжээ. Орон нутгийн иргэд үерийн улмаас тусламж үзүүлж чадахгүй байсан бөгөөд усны түвшин аажмаар нэмэгдсээр иргэд машиныхаа кабин дээр гарч 5 цаг амь хоргодон байсан юм.
Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 017, 340, 342 дугаар ангийн ахлагч Ч.Ганбаяр, Б.Магсаржав, С.Энхболд нар эр зориг, авхаалж самбаа гарган нар жаргахаас урьтаж 4 том хүн, 1 хүүхдийн амь насыг авран, ахлагч Б.Магсаржав усанд шумбан орж, машиныг нь троссоор холбосноор амжилттай татан гаргажээ.
Энэхүү үйл явдлыг харсан иргэд аюул ослоос иргэдийнхээ алтан амь, эд хөрөнгийг авран хамгаалсан алба хаагчдаар бахархаж байгаагаа мэдэгдэн талархал илэрхийлжээ.