Орос-Украины ээлжит энхийн яриа хэлэлцээ лхагва гарагт явагдана


Орос-Украины хоорондох ээлжит энхийн яриа хэлэлцээ лхагва гарагт Туркийн Истанбул хотноо явагдахаар болсон талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт мэдэгдсэн байна.

Гурав дахь ээлжийн уулзалтыг 23-ны өдөр хийхээр товлосон тухай Украины аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Рустем Умеров Украины ерөнхийлөгчид мэдэгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг мягмар гарагт зарлах ажээ.

Харин уг товыг Оросын тал хараахан батлаагүй байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Орос-Украины шинэ ээлжийн хэлэлцээг Турк улсад энэ сарын 24-25-ны хооронд хийж магадгүй байгаа гэсэн юм.

Үүний өмнө явагдсан хоёр удаагийн яриа хэлэлцээний үр дүнд талууд олон тооны хоригдол цэрэг болон цогцос солилцох тохиролцоонд хүрч, гүйцэтгэсэн боловч бараг гурван жил хагас үргэлжилж буй дайныг зогсоох тохиролцоонд хүрч чадаагүй билээ.

Тодруулбал, өнгөрсөн 5-р сарын 16 болон 6-р сарын 2-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотноо өмнөх хоёр удаагийн уулзалт зохион байгуулагдаж, Украины талын багийг Рустем Умеров, ОХУ-ын талын багийг ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский ахлан оролцсон.

Сүүлийн шатны хэлэлцээнээс хойш Кремлийн зүгээс Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх, Украины армийн зэвсгийг хураах, дипломат үйл ажиллагаанд нь хяналт тавих зэрэг гал зогсоох нарийн нөхцөл бүхий санамж бичгийг гаргасан. Энэ нь мөн Украины сонгууль, тус улсын хэл, шашны бодлогод хяналт тавьж, цаашлаад ирээдүйд дайны нөхөн төлбөрөөс зайлсхийх Оросын хүсэл эрмэлзлийг харуулсан бөгөөд дээрх нөхцөлийг Украин улс хүлээж авахгүй нь тодорхой юм.

Украины ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ, “Украины талын бодлого маш тодорхой, олзны цэргүүд болон Оросын талд хулгайлагдсан хүүхэд багачуудаа эх орондоо буцааж авчрах, мөн хоёр улсын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажил” гэжээ. Тэрээр энэ дайныг зогсоож, өндөрлүүлэх яриа хэлэлцээний түвшинг ахиулж, хоёр улсын төрийн тэргүүдийн уулзалтыг зохиох ёстой гэдгийг онцлоод байгаа юм.

Сүүлийн үед АНУ-ын төрийн тэргүүний дарамт шахалтад ороод байгаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тухайд гэвэл тэрээр өнгөрсөн жил ерөнхийлөгчийн бүрэн эрхийн 5 жилийн хугацаа нь дууссан тул В.Зеленскийг Украин улсын хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэхгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж, түүнтэй уулзахаас өмнө нь татгалзаж байсан юм. 

Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-д гал зогсоож, энхийн гэрээ байгуулах 50 хоногийн хугацаа өгч, дээрх хугацаанд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Орос болон тус улстай худалдаа явуулдаг улс орнуудад шинэ хориг арга хэмжээ авч, нэмэлт тариф ногдуулах болно хэмээн сүрдүүлээд байгаа билээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков сүүлд хийсэн мэдэгдэлдээ хэрвээ ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар БНХАУ-д нэг ижил хугацаанд айлчилсан тохиолдолд В.Путиныг Д.Трамптай уулзахад бэлэн байгааг дурьдсан байна. В.Путины хувьд ирэх сарын сүүл, 9-р сарын эхээр БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *