Өмнөд Солонгос улсын засгийн газар даваа гарагаас иргэддээ “хэрэглээний ваучер” тараах ажлыг эхлүүлээд байна.
Эдийн засгийг дэмжиж, дотоодын хэрэглээг идэвхжүүлэхэд чиглэсэн засгийн газрын санаачилгын хүрээнд БНСУ бүх иргэддээ бэлэн мөнгөний купон тарааж эхэллээ.
Тодруулбал, энэ оны 6-р сарын 18-ны өдрийн байдлаар тус улсад оршин сууж буй бүх Өмнөд Солонгосын иргэд нэг удаагийн төлбөр болох 150,000 воны мөнгөн тэтгэмж авах бөгөөд орлогын түвшинд тулгуурлан зорилтот бүлгийн иргэдэд нэмэлт тусламж үзүүлэх юм.
Зорилтот бүлэгт ядуу айл өрхүүд болон өрх толгойлсон эцэг, эхчүүд багтаж байгаа ба тэдгээр айл өрхүүд 300,000 воны ваучер авах бол амьжиргааны үндсэн тэтгэмж хүлээн авагч иргэдэд 400,000 воны ваучер олгоно.
Мөн бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх хүрээнд нийслэл Сөүл хотын ойр орчмын буюу төвийн бүс нутгаас гадна оршин суудаг иргэдэд нэмэлтээр 30,000 воны ваучер олгох бол хүн амын тоо буурч байгаа жижиг арлууд гэх зэрэг алслагдмал бүсэд оршин суудаг иргэдэд нэмэлт 50,000 воны ваучер олгох ажээ.
Гадаадын иргэд хэрэглээний ваучер олгох хөтөлбөрт хамрагдахгүй хэдий ч байнгын оршин суугчийн бүртгэлтэй, төрийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, дотоодын иргэнтэй гэр бүл болсон, албан ёсны цагаач зэрэг гадаад улс орны иргэд хэрэглээний ваучер авах эрхтэй гэнэ.
Хэрэглээний вачерыг томоохон супермаркет, их дэлгүүр, татваргүй дэлгүүр, цахим худалдааны дэлгүүр болон мөрийтэй тоглоомын бизнест ашиглах боломжгүй.
Засгийн газраас олгож буй энэхүү нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг иргэд өөрсдийн банкны карт, эсвэл засгийн газраас олгох бэлгийн купон буюу хэвлэмэл байдлаар авах боломжтой ба иргэдийн өөрсдийн төрсөн оны сүүлийн дугаарын дагуу заагдсан өдрүүдэд цахимаар болон бичгээр хүсэлтээ гаргаж өгөх юм байна.
Тус улсын Дотоод яамнаас мэдээлснээр үндэсний хэмжээнд иргэдэд хэрэглээний ваучер тараах ажлын эхний үе шат энэ сарын 21-нээс эхэлж, 9-р сарын 12 өдрийг хүртэл 8 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэдэд олгогдсон ваучер 11-р сарын 30 хүртэл хүчинтэй үйлчлэх ажээ.
Харин хамгийн бага орлоготой иргэдэд нэмэлтээр 100,000 воны хэрэглээний ваучер тараах хоёр дахь үе шатыг 9-р сарын 22-ноос 10-р сарын 31-ний хооронд явуулахаар товлосон байна.