The League: Солилцоо, наймааны шуугианаас


Зуны улирал шувтарч, амралт зугаалгын араас ажил, тэмцээний их улирал эхлэхэд багагүй хугацаа үлдээд байна. Тиймээс бид энэ удаа сагсанбөмбөг болон волейболын лигийн эргэн тойрон дахь мэдээллээс багцлан хүргэж байна.

Волейболын Үндэсний дээд лигийн эргэн тойронд

Г.Төрмандах бууриа сэлгэж, шинэ багт нэгдэв

Монголын волейболын холбоо дээд лигийн тэмцээнийг 1995-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан. Харин 2012 оноос зургаан жил завсарласан дээд лиг 2019 онд эргэн ирсэн билээ. Тэгвэл 2025-2026 оны үндэсний дээд лигийг ирэх намар буюу 9 дүгээр сард зохион байгуулах тухай Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Д.Түвшинжаргал хэлсэн.

Тиймдээ ч багуудын солилцоо, наймаа эртнээс идэвхжиж эхлээд байна. “ХасуМегастарс” багтай хоёр удаа аваргын цом өргөсөн Г.Төрмандах “Дархан Могулс” багт хүчин зүтгэхээр гэрээ байгуулаад байна. Сарын өмнө түүнтэй ярилцахад 2-3 багаас санал ирсэн. Хуучин багтайгаа гэрээгээ сунгаж магадгүй, эсвэл өөр багтай гэрээ үзэглэж магадгүй гээд байсан юм. Тэгвэл тэрээр энэ жил шинэ багт очиж, өөр өмсгөл, шинэ дүр төрхөөр хөгжөөөн дэмжигчтэйгээ уулзах нь.

    Г.Төрмандах лигийн шилдэг холбогч төдийгүй Монгол улсын волейболын шигшээ багийн холбон тоглогчоор тоглодог туршлагатай тамирчин. Түүний хувьд “Баянхонгор Корунд Гео” багтай лигийн аварга болж байсан мөн өнгөрсөн улирал “ХасуМегастарс” багтайгаа лигийн аварга болж, шилдэг холбон тоглогчийн шагнал хүртсэн. Ийн туршлагатай, лигийн хошой аварга “Дархан Могулс” багт хүчин зүтгэхээр болоод байна.

Х.Нэргүй “Дархан Могулс” багаас лигт өрсөлдөнө

     Чөлөөт бөх, жүдогоор хичээллэж байсан ч волейболын спорт руу хүч түрэн орж ирсэн “Энагурэ” багийн залуу тоглогч Х.Нэргүй “Дархан Могулс” багтай гэрээ үзэглэжээ. Тэрээр “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах” тэмцээнээс волейбол сонирхогчдын анхааралд өртсөн. Тэсрэлттэй довтолгоо, үсрэлтээрээ цахиур хагалах ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан. Гагцхүү түүнд лигийн туршлага, ур чадвар бага зэрэг дутаж буй. Цаашдаа лигийн талбайд хэрхэн өөрийгөө шинээр харуулах нь цаг хугацааны асуудал. Түүний хувьд яг одоо ХБНГУ-ын Берлин хотноо болж буй “Дэлхийн оюутны универсиад” наадамд оюутны шигшээ багийн хамт оролцож байгаа билээ. Энэ наадмаас ч багагүй туршлага хуримтлуулж ирэх нь гарцаагүй. Ингээд тэрээр энэ жил шинэ багт нэгдэж лигийн талбайд гарахаар болоод байна.

С.Биндэръяа “Эрдэнэт Майнерс”-т нэгдэх үү?

Монголын сагсанбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирал аравдугаар сард эхэлнэ. Энэ улиралд багууд эртнээс бэлдэж, тамирчдын солилцоо наймаа ч эрчимжиж байна.

Өнгөрсөн удаагийн нийтлэлийг эндээс уншаарай.

Үндэсний дээд лигийн аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт, сагсанбөмбөгийн залуу тамирчин “Хасын Хүлэгүүд” багийн тамирчин С.Биндэръяаг ирэх улирал “Эрдэнэт Майнерс” багаас тоглож магадгүй гэсэн албан бус шуум мэдээлэл байна. Түүний хувьд “рүүки тоглогч” болсон жилдээ дээд лигийн аварга болсон. Өнгөрсөн улирал ч багийнхаа хамтаар Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигт өрсөлдөж, туршлага ур чадвараа нэмээд буй. Одоо “Хасын Хүлэгүүд” багтаа А.Азбаяртай нэг байрлалд тоглодог. Байрлал давхцаж байгаа учраас өөрийнхөө тоглолтыг төдийлөн гаргаж, харуулж чадахгүй байна гэсэн фанатуудын байр суурь буй. Тиймээс “Майнерс”-т очиж өөрийн ур чадвараа харуулсан нь ч зөв хэмээж байна. Гэхдээ албан ёсоор “Эрдэнэт Майнерс” багтай гэрээ байгуулсан талаар мэдээлэл байхгүй байгаа юм.

Н.Эрдэнэ “SG Apes” багтаа хүчин зүтгэнэ

“SG Apes” багийн 2024-2025 оны улирлын драфтын сонголт, холбон тоглогч Нямдоржийн Эрдэнэ багтайгаа 2 жилээр гэрээгээ сунгажээ. Аав, ахаасаа үлгэрлэн сагсанбөмбөгийн спортод хөл тавьсан тэрээр өнгөрсөн улирал багтайгаа хамт плэй-оффын шат хүртэл өрсөлдсөн. Багтаа өөрийн хувь нэмрээ хангалттай оруулж буй тэрээр энэ улирал ямархуу байхыг харах үлдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *