Бангладешийн агаарын зэвсэгт хүчний онгоц сургууль мөргөж осолдсоноор 32 хүн амь эрсэджээ


Бангладешийн агаарын зэвсэгт хүчний сөнөөгч онгоц даваа гарагт нийслэл Дакка хотын төвд байрлах “Milestone School and College” хэмээх сургуулийн хоёр давхар барилгыг мөргөж осолдсоны улмаас амь үрэгдсэн хүний тоо 32 болж нэмэгдсэн талаар тус улсын засгийн газраас мэдэгдлээ.

Мягмар гарагт хийсэн анхны мэдэгдэлд ослын улмаас 27 хүн амь эрсэдсэнээс 25 нь сурагч хүүхдүүд байсан хэмээн мэдээлж байсан дээрх тоо 32 болж нэмэгдсэнээс 29 нь сурагч байсан бол 2 багш, мөн онгоцны нисгэгч амиа алджээ.

Тухайн байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч анхны туршилтын нислэгээ үйлдэж байхдаа ийнхүү осол гаргасан бол ослын улмаас мөн 171 хүн түлэгдэж, бэртэж гэмтсэн байна.

Бангладеш улсын агаарын зэвсэгт хүчний F-7 BJI загварын Хятадад үйлдвэрлэсэн онгоц сургуулийн барилга мөргөн осолдож, олон сурагч харамсалтайгаар амиа алдсантай холбогдуулан мягмар гарагт тус улсад үндэсний хэмжээнд гашуудлын өдөр зарласан байна.

Мөн ослын шалтгааныг олж тогтоох мөрдөх ажлыг эхлүүлээд байгаа ба агаарын зэвсэгт хүчний онгоц осолдсон тул иргэний агаарын тээврийн албаны зүгээс уг осолтой холбогдох үйл ажиллагаанд оролцохгүй байгаа гэнэ.

Онгоцны ослыг эсэргүүцсэн олон зуун оюутны жагсаал мөн нийслэл Дакка хотноо, осол болсон газартай ойрхон зохиогдож, амиа алдсан болон бэртэж гэмтсэн сурагчдын бүрэн мэдээллийг олон нийтэд ил болгож, ослын хариуцлагыг хүлээлгэж, амь эрсэдсэн сурагчдын ар гэрт нөхөх төлбөр олгож, байлдааны зориулалттай сөнөөгч онгоцны сургалтын нислэгийг хориглож, зогсоохыг шаарджээ.

Зарим жагсагчид Бангладеш улсын засаг захиргааны төв байрууд руу дайран орсонтой холбоотойгоор хэв журам зохицуулагч цагдаа нар нулимс асгаруулагч, дуу авианы гранат хэрэглэж жагсагчдыг тараасан бөгөөд орон нутгийн Жамуна ТВ-ийн мэдээлснээр 80 орчим оюутан цагдаа нарт бороохойдуулж, гэмтэл авчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *