Оросын удирдаач Валерий Гергиевийн Итали улсад хийхээр товлогдсон байсан тоглолтыг цуцлаж байгааг даваа гарагт эзэн хааны Касерта цогцолборын зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг нээлттэй дэмжигч, ойрын анд болох сонгодог хөгжмийн маэстро, удирдаач Валерий Гергиевийн тоглолтыг зохион байгуулахыг Италийн улс төрчид, тэр дотроо Кремлийг шүүмжлэгчид олноороо эсэргүүцсэний дараа ийнхүү энэ долоо хоногийн сүүлээр товлогдсон түүний тоглолтыг цуцлажээ.
Өдгөө 72 настай удирдаач Валерий Гергиевийн хувьд Украины дайн эхэлснээс хойш Европт нэг ч удаа тоглолт хийгээгүй ба Украинд түрэмгийлэн халдан довтолсон Орос улсыг буруушаагаагүй гэдэг шалтгаанаар 2022 оны 3-р сард Германы Мюнхены филармониос халагдаж байсан юм.
Харин 2023 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин түүнийг Москва хотын Большой Театрын захирлаар нэрлэн томилж байсан билээ. Тухайн үед В.Гергиев Санкт-Петербург хотын Марийнскийн театрыг даргалж байсан юм.
Италийн Неаполь хотын ойролцоо байрладаг, өдгөө музей хэлбэрээр ажиллаж буй 18-р зуунд баригдсан Касерта ордонд энэ сарын 27 буюу ням гарагт зохиогдох “Un’Estate da Re” хэмээх хөгжмийн фестивалийн хөтөлбөрт багтсан удирдаач Валерийн Гергиевийн симфони найрал хөгжмийн тоглолт цуцлагдсан болохыг тус цогцолборын зүгээс албан ёсоор мэдэгдсэн ч ямар нэгэн шалтгаан дурьдаагүй байна.
Итали улсад ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Парамонов ЭСЯ-ны фэйсбүүк хуудсанд дээрх шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдэл хийж, Оросын соёлыг үгүй хийх бодлого явуулж буй барууны улс төрчдийг хурцаар шүүмжилж, “Итали улсын соёлын бодлого украинчууд болон бусад цагаачдын хүсэл шаардлагад захирагдаж байгааг харах гунигтай байлаа” хэмээн бичжээ.
Оросын ТАСС мэдээллийг агентлаг мөн удирдаач В.Гергиевтой холбогдоход тэрээр тоглолт нь цуцлагдсан тухай мэдээлэл аваагүй хэмээн хариулсан байна.
Украины дайн эхэлснээс хойш Оросын урлаг соёлын салбарын уран бүтээлчид үзэл бодлын хувьд хоёр хуваагдсан бөгөөд Кремлийг дэмжигч ихэнх уран бүтээлчид эх орондоо үлдсэн бол энэхүү дайны эсрэг үзэл бодолтой олон уран бүтээлчид хилийн чанадад гарч амьдрах болсон юм.