Рок, метал хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч, дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгслөө


Хүнд метал хөгжмийн урсгалыг үндэслэгчдийн нэг, рок хөгмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч, Black Sabbath хамтлагийн дуучин Оззи Осборн мягмар гарагт 76 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Английн Бирминхэм хотод дундаж давхаргын ажилчны гэр бүлд төрж өссөн Оззи Осборны жинхэнэ нэрийг Жон Майкл Осборн гэдэг бөгөөд багадаа уншиж, бичихдээ тун тааруу, сурлага муу байсан тул 15 настайдаа сургуулиа орхиж, барилга, үйлдвэр, мал нядалгаа зэрэг олон газарт ажиллаж, тэр ч бүү хэл дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдан 14 хоног хоригдож байсан түүхтэй.

Гэвч багаасаа Beatles хамтлагийг сонсон шүтэн биширч, мөн сургуулийнхаа урлагийн арга хэмжээнд оролцдог, урлагийн авьяас мэдрэмжтэй байсан тэрээр 1969 онд Black Sabbath хамтлагаа байгуулж, тухайн үед ховор байсан хар бараан сэдэвтэй дуу хөгжим бүтээж эхэлсэн нь хожмын хэви метал хэмээх урсгалын эх үндсийг тавьсан хэмээн урлаг судлаачид үздэг билээ.

Тэрээр Black Sabbath хамтлагийн анхны бүрэлдэхүүний хамт 8 цомог гаргасны дараа хамтлагаасаа халагдаж, улмаар өөрийн соло карьерыг эхлүүлж, анхны “Blizzard of Ozz” цомгоо 1980 онд гаргаж байсан бол өнөөдрийг хүртэл студийн бүрэн хэмжээний 13 цомог гаргасан байдаг ажээ.

Оззи Осборн мөн хожим нь хамтлагтайгаа эргэн нэгдэж, 2013 онд “13” хэмээх цомгийг гаргаж байсан юм. 

Дуучин Оззи Осборн өөрийн болон хамтлагийнхаа уран бүтээлээр дэлхийн маш олон метал, рок хамтлагууд, хөгжимчид, дуучид, уран бүтээлчдэд нөлөөлсөн бөгөөд эрх чөлөөтэй амьдрал, тайзны галзуу үзүүлбэрүүд зэргээрээ алдаршсан тэрээр “Харанхуйн хунтайж” хэмээх нэр хочийг хүртэж байсан билээ.

Зөвхөн уран бүтээлээс гадна тэрээр өөрийн нэрийн “Ozzfest” хэмээх метал хөгжмийн фестиваль зохион байгуулж, MTV хөгжмийн сувгаар “The Osbournes” хэмээх реалити телевизийн шоу нэвтрүүлэг хийж, Холливудын олон кинонд дүр бүтээж, өөрийн намтар номоо гаргаж байжээ.

Тэрээр амьдралынхаа туршид хоёр удаа гэрлэж байсан ба 6 хүүхэдтэй, 10 ач зээтэй.

Оззи Осборн нас барахаасаа 17 хоногийн өмнө өөрийн төрөлх Бирминхэм хотын Villa Park цогцолборт хамтлагийнхаа хамтаар “Back To The Beginning” хэмээх Black Sabbath хамтлагийн сүүлчийн тоглолтыг тавьж, тэргэнцэр бүхий сэнтийд суун сүүлчийн удаа тайзнаа гарч, өөрийн 5, хамтлагийнхаа 4 дууг дуулсан билээ. Тус тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд 40 мянга гаруй үзэгч, шууд дамжуулалтыг нь 6 сая гаруй хүн үзсэн бөгөөд тоглолтын нийт орлого болох 190 сая орчим ам.долларыг Бирминхэм хотын хоёр хүүхдийн эмнэлэг болон паркинсон өвчний эсрэг Cure Parkinson’s Trust хэмээх санд хуваан хандивласан юм. “Back To The Beginning” тоглолтыг энэ оны сүүлээр кино театруудаар гаргахаар болсон байна.

Оззи Осборны гэр бүлийн зүгээс гаргасан мэдэгдэлд түүнийг “мягмар гарагийн өглөө, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ дунд тайван амгалан нойрссон” хэмээн бичсэн байна. Мэдэгдэлд дуучны үхлийн шалтгааныг мэдээлээгүй боловч Оззи Осборн 2019 оноос хойш эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд 2020 онд Паркинсоны өвчтэй гэж оношлогдож байсан юм. Дуучны гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч мөн түүнийг Их Британид нас барсан болохыг батлан мэдээлжээ.

Алдарт дуучин Оззи Осборныг таалал төгссөн явдалд түүний хамтлагийн гишүүд болох Тони Айомми, Гизер Батлер, Билл Уард, дуучин Элтон Жон, Род Стюарт, Сэмми Хагар, Rolling Stones’ хамтлагийн гишүүн Ронни Вуд, Queen хамтлагийн гитарчин Брайн Мэй, Metallica хамтлаг, Green Day хамтлагийн дуучин Билли Жо Армстронг, залуу дуучин Yungblud зэрэг олон уран бүтээлчид эмгэнэл илэрхийлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *