Украины нийслэл Киев хотод засгийн газрын эсрэг жагсаал болов


Мягмар гарагт Украины нийслэл Киев хотод засгийн газрын эсрэг жагсаал болсон байна. Олон мянган жагсагч иргэд тус улсад хэрэгжиж ирсэн авлигын эсрэг тэмцэх дэд бүтцийг сулруулж болзошгүй шинэ хууль тогтоомжид хориг тавихыг ерөнхийлөгч В.Зеленскийгээс шаарджээ.

Украины парламент тус улсын авлигын эсрэг тэмцэх хоёр гол байгууллага буюу Украины Үндэсний Авлигын Эсрэг Товчоо болон Авлигын Эсрэг Мэргэшсэн Прокуроруудын Албаны үйл ажиллагааны хяналтыг чангатгах тухай хуулийн төслийг батласан бол шүүмжлэгчдийн зүгээс дээрх хууль хэрэгжиж эхэлснээр авлигатай тэмцэх дээрх хоёр байгууллагын биеэ даасан хараат бус байдлыг алдагдуулж, авлигын хэргийг мөрдөн шалгах ажилд улс төрийн нөлөө орох боломж бололцоог нэмэгдүүлэх аюултайг сануулж байгаа юм.

Дээрх шалтгааны улмаас жагсагчид уг хуульд хориг тавихыг Украины ерөнхийлөгчөөс шаардсан боловч тус улсын парламентын албан ёсны вебсайтад мэдээлснээр В.Зеленский мягмар гарагийн үдэш гарын үсэг зурснаар хууль батлагдаж, хүчин төгөлдөр болсон байна. 

Ийнхүү Орос улс Украинд түрэмгийлэн халдан довтолсноос хойшхи өнгөрсөн гурав гаруй жилийн хугацаанд Украины засгийн газрын эсрэг анхны томоохон жагсаал цуглаан мягмар гарагт явагдаад байна.

Авлигатай тэмцэж, авлигаас ангид байх явдал нь Украин улсын ЕХ-нд гишүүнээр элсэж орох хамгийн гол чухал шалгуур үзүүлэлтийн нэг бөгөөд дайн эхэлснээс хойш барууны улс орнуудаас тусламж санхүүгийн дэмжлэг, туслалцаа хэлбэрээр орж ирж буй олон тэрбум ам.долларын зохицуулалтыг хянах нь чухал байгаа юм.

ЕХ-ны Тэлэлтийн бодлого хариуцсан комиссар Марта Кос Украины парламентаар батлагдсан дээрх хуулийн төслийг шүүмжилж, “Украин улс ЕХ-ны гишүүн болох замаасаа ноцтой ухралт хийлээ” хэмээн өөрийн Х хуудсандаа мэдэгджээ.

Transparency International ТББ-ын Украин дахь салбар байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн системийн шинэчлэлийг уландаа гишгэж, олон улсын түнш, хамтрагчидтай байгуулсан итгэлцлийг эвдлээ хэмээн хурцаар шүүмжилж, мөн л Украины ерөнхийлөгчийг дээрх хуулийн төсөлд хориг тавихыг уриалсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *