Хагас жилд 8,2 хувьд хүрсэн үнийн өсөлт ирэх намар хэд хүрэх бол?


Өнгөрсөн 6 сарын хугацаанд инфляц 8,2 хувиар өсжээ. Энэ нь иргэдийн гар дээрх мөнгөний худалдан авах чадвар 8,2 хувиар буурсан гэсэн үг. Үндсэндээ үнийн өсөлт Монголчууд биднийг улам бүр дарласаар байгаагийн нотолгоо болж байна.

Тэр дундаа  үйлчилгээний үнэ тариф  16.9 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Үүнд орон сууцны үнэ, түлшний үнийн өсөлт  24 хувиар өссөн нь жин дарахад нөлөө үзүүлсэн болж таарч байна.

Орон сууц үл хөдлөхийн үнийн өсөлт гэдэг төгрөгийн ханшийн сулралыг бодитой харуулдаг нэг үзүүлэлт болдог. Энэ утгаараа орон сууцны үнийн индекс өнгөрөгч  зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар өссөн нь төгрөгийн валюттай харьцах ханшийн сулралыг тодорхой харуулж байна гэхэд буруудахгүй. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өсжээ. Харин шинэ орон сууцны 1 метр  квадрат  талбайн  дундаж  үнэ  4.56 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.36 сая төгрөгийн үнэтэй байна.

Иргэдийн түрийвчинд шууд мэдрэгдэж эхэлсэн дээрх үнийн өсөлт улс орны эдийн засагт ч нөлөөгөө үзүүлсэн. Улсын төсвийн орлого 1,3 тэрбум доллароор буурчээ.  Экспортын 94.7 хувийг уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Үүнд гадаад руу нийлүүлдэг махны экспорт багассан нь нөлөөлжээ. Хонь, ямааны махны экспорт 24 сая ам.доллароор буурсан нь нийт хэм хэмжээ буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Харин Монголчуудын гадаадаас авдаг худалдан авалт 150,1 сая ам.доллароор өссөн бөгөөд үүнд:

  • Суудлын автомашин 207.6 сая ам.доллар буюу 45.1 хувиар
  • Тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 21.9 сая ам.доллар буюу 67.1 хувиар
  • Ухаалаг гар утас 15 сая ам.доллар буюу 21.9 хувиар
  • Согтууруулах ундаа 14.5 сая ам.доллар буюу 49.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

2025 оны эхний хагас жилд улс орны бөгөөд айл өрх бүрийн эдийн засаг сайнгүй байгааг харуулсан статистик гарч байна. Уг нь Монгол банкнаас 2025 онд инфляцыг 6-гаас нэмэх хасах 2 хувиар барина гэж амласан байдаг. Гэвч жилийн эхний хагаст л нөхцөл байдал төв банкны хяналтаас гарах нь тодорхой болоод иржээ. Тэгвэл үлдсэн хагаст эдийн засаг сэргэх төлөв бий болов уу? гэдэг анхаарал татсан асуулт болж үлдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *