Ойрын өдрүүдэд нийгмийн анхаарал татсан гол сенсаац нөлөө бүхий улс төрч бизнесменүүдийн хөвгүүдийн холбогдсон гэх зодооныг тойрч байна. Тодруулбал Жем группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, Эрэл группийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Т нар бүлэглэн 25 настай залуугийн нүүрийг цөмөртөл зодсон асуудал юм. Хохирогчийн биеийн байдал сайнгүй байгаатай холбоотойгоор хохирогчийн аав Д олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ үлдээсэн нь цахим орчинд шуугиан тариад байна. Хохирогчийн ар гэрийнхнээс гадна дээрх хэргийн дуулианыг улам нэмж, хэрэгт холбоотой эсэх нь тодорхойгүй олон хүний гэр бүлийнхнийг хамаатуулан цахим сүлжээнд зураг хөрөг нийтлэх явдал сүүлийн өдрүүдэд өрнөсөөр байгаа юм.
Сүүлийн жилүүдэд гэмтэй гэмгүй нь үл мэдэгдэх нэгнийг сошиал орчинд нийлж буллидэх энэ хандлага улам газар авсаар байгаа түүх энэ удаа ч давтагдсаар байна.
Хохирогчийн ар гэрийнхний зүгээс сэтгэл зүйн хямрал цочрол аль аль нь явагдаж байгаа нь ойлгомжтой. Харин хэрэгт огт хамааралгүй инфлүүзерүүд дээрх хэрэгтэй холбоотойгоор олон нийт рүү хандсан турхиралтыг хийсээр байгаа нь нийгэмд талцал хуваагдал үүсгэх эрсдэл дагуулж мэдэхээр байна. Баян айлын хүүхдүүд, томчуудын хүүхдүүд, ханхүү гүнжийн эрин үе зэрэг үг хэллэг цахим орчин олон дахин давтагдах болсон нь нийтээрээ чинээлэг иргэдийг үзэн ядах, гадуурхах хандлагыг үүсгэх эрсдэлтэй.
Улс төрчдийн хөвгүүд оролцсон байж болзошгүй зодооны тухай турхирсан мэдээ мэдээллүүдийн доор бичсэн иргэдийн сэтгэгдэл нь дундад зууны үеийн гэмтнийг гудамжинд чулуугаар нүүлгэдэг байсан балар бүдүүлэг үеийг санагдуулам хэрцгий болж ирж байгааг харж болно.
Уг нь Монгол улсын Үндсэн хуулиар хүн бүр ижил тэгш эрхтэй. Баян хоосныг заагласан кастын системгүй Ардчилсан улс оронд бид амьдарч байна. Гэвч цахим орчинд үүсгэж байгаа энэ талцал нь манай нийгмийг улам аюултай, хүнлэг энэрэнгүй байх зарчмаас гажуудуулахад чиглэж байна уу гэлтэй. Хэрэв нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын харанга дэлдэхээр асуудал болж томрохыг үгүйсгэх аргагүй.
Ном журмын дагуу бол аливаа гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаа, хуулийн байгууллагаас өгөх ёстой. Гэвч дээрх зодооны хэрэг өмнөх технологиудын нэгэн адил хэн хаанаас хэрхэн цуглуулсан нь тодорхойгүй, үнэн худал нь дэнслэгдээгүй инфлүүзерүүдийн сувгаар нийтэд мэдээлэгдэж байна. Үр дүнд олон нийтийн дунд бухимдал бий болж нийгмийн талцалыг нэмэх аюулыг дагуулж мэдэх юм.
