Улаанбурхан өвчнөөр 10 хүүхэд нас бараад байна. Вакцины эсрэг сөрөг сурталчилгаанаас үүдэлтэй, вакцинжуулалт хангалтгүй хийгдэж 2015-2016 онд улаанбурхнаар 130 гаруй хүүхэд нас барсан түүх бий. 9 жилийн өмнөх энэ цикл ахин давтагдах вий гэдэг болгоомжлол Эрүүл мэндийн салбарынханд байна. Хэдийгээр тархалтын дэгдэлт буурч байгаа ч тархалт бүрэн дуусаагүй байхад намрын томуугийн дэгдэлт нэмэгдээд ирвэл өвчний хүндрэл улам нэмэгдэх магадлал үүсэж мэднэ. Улаанбурхан өвчний хүндрэл маш аюултай гэдгийг салбарын яам болоод ХӨСҮТ-өөс мэдэгдсээр байгаа ч иргэдийн вакцинд хамрагдалт маш хангалтгүй хэвээрээ байгаа юм. Сүүлийн саруудад нөхөн дархлаажуулалтад 117 мянган хүүхдийг хамруулсан ч одоо дахиад улаанбурхны вакцин хийлгээгүй 100 гаруй мянган хүүхэд үлджээ.
Улаанбурхны хүндрэл вакцингүй хүүхдүүдэд илэрч байгаа бөгөөд уг өвчний хүндрэл маш аюултайг мэргэжлийн эмч нар онцгойлон анхааруулсаар байгаа. ХӨСҮТ-өөс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулахын тулд УБЕГ-аас хаягийн мэдээлэл авч хайх зэрэг ажлыг өрнүүлсэн ч вакцинд хүүхдээ хамруулаагүй иргэдийн олонх нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй байх тохиолдол элбэг гардаг гэнэ.
Иргэд улаанбурхан өвчний хүндрэл хоруу чанар маш өндөртэй бөгөөд үхэлд хүргэх аюултай гэдгийг тэр бүр ойлгохгүй байгаад мэргэжлийн эмч нар сэтгэл чилээж байна. Тодруулбал уг өвчний хүндрэл нь бидний мэдэх менингекокт халдвартай ижил явцтай өрнөх тохиолдол бий.
Улаанбурхан хүндэрвэл үхэлд хүргэх аюултай
Хэрвээ ингэж хүндэрвэл хүүхэд насаараа дүлий болох эсвэл насаараа хараагүй болох, саажиж хоцрох, цаашлаад амь насаа алдах эрсдэл байдаг. Улаанбурхны вакцинжуулалт дэлгэрээгүй байх үед нийт нас баралтын талаас илүү хувь дээрх өвчнөөс болж амь насаа алдаж байсан гашуун түүх бий.
Дэлхий дахинд 1900-1910 онд улаанбурхан өвчнөөс болж 1 сая хүүхэд нас барж байсан бөгөөд хүүхдийн тахал гэж нэрлэгддэг хүнд явцтай өвчин гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг.
Улаанбурхан өвчнөөс болж ямар ямар хүндрэл үүсэх эрсдэлтэйг тодруулбал:
- Уушгины хатгаа –төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг. Цустай ханиалгасаар уушгинаас цус алдаж амь насаа алдах эрсдэлтэй
- Дунд чихний үрэвсэл-Хүндрэл даамжирвал насан туршдаа дүлий болох эрсдэлтэй
- Төвөнхийн үрэвсэл –улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүндрэл үүсгэнэ
- Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрч хэдхэн минутад бүтэлт үүсэж нас барах аюултай.
- Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
- Менингоэнцефалит-Чих үрэвсүүлж дүлийрүүлэх, нүдний болор гэмтээж цоорч хараагүй болох, саажиж үлдэх
- Бүдүүн гэдэсний үрэвсэл –цусан суулгалт төст шинжээр илэрдэг
Өнгөрсөн 2015-2016 онд болсон улаанбурхан өвчний дэгдэлтийн үед нэг тун вакцин хийлгэсэн, эсвэл огт вакцин хийлгээгүй 130 орчим хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Түүний 52 хувь хүртэлх нь 0-2 насны хүүхдүүд байсан бөгөөд 9 жилийн өмнөх энэ цикл дахиад энэ намар давтагдаж улаанбурхны халдвар томуугийн тархалттай хавсрах эрсдэлтэй
Вакцинд итгэхгүй бол нийгмийн эрүүл мэндийг яаж хамгаалах вэ?
2025 онд дээрх өвчнөөс болж нас барсан 10 тохиолдлын 9 нь хавсарсан оноштой буюу суурь өвчтэй бага насны хүүхдүүд байжээ. Харин сүүлийн 14 настай нас барсан хүүхдийн тухайд өвчний хүндрэл богино хугацаанд өрнөж уушгины цус алдалтаар амиа алдсан харамсалтай явдал болсон байдаг. Улаанбурхны хүндрэлийн явц хүүхэд бүрд харилцан адилгүй өрнөдөг учраас эмч нарын зүгээс вакцинжуулалтыг томуугийн дэгдэлтээс өмнө эрчимжүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Вакцинаар сэргийлж, хамгаалж болох өвчнөөс болж хүүхдээ алдахгүйн тулд, нялх балчир үрээ 1 насаар хөгжлийн бэрхшээлтэй болгож үлдээхгүйн тулд улаанбурхан өвчний вакцин хийлгэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уншигч та бүхэнд хандан уриалъя.