Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн анхны хурал Эдийн засгийн хөгжлийн яаманд боллоо. Ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж байна.
Хуралдаанаар эспортыг голлон бүрдүүлэгч уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд дараах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.
Үүнд:
– Гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авахад 15 албан тушаалтнаар дамждаг, зарим тохиолдолд 1035 хоног хүлээсэн жишээг дурдаад гаалийн байгууллагын шат дамжлагыг цөөрүүлэх, холбогдох байгууллагуудын нийтлэг журмыг шинэчлэх,
– Хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл эрсдлийн оноо багатай бол ухаалаг гарцаар саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах,
– Бүх нийтийн амралтын өдрүүдээр хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нөхцөл бүрдүүлэх зэрэг ажлуудыг 2025 оны 9-р сарын 30-ны дотор багтаан шийдвэрлэх үүрэг өглөө.
Одоогийн нөхцөл байдлын үнэлгээгээр хилийн боомтууд бүх нийтийн амралтын өдрөөр амрахад экспортын орлого жилд 350-400 сая орчим доллароор тасалдаж байна.
Тээврийн жолооч хилээр нэвтрэх хүртэл 6 удаа зогсолт хийдэг, AGV терминалаар гарч байгаа тээврийн хэрэгслүүд хуваарийн бусаар нэвтэрч бусад ААН-ийн эргэлтийг 45 хувиар бууруулж байгаа, тээврийн хэрэгсэл хилийн шалгалтад 136 цаг зарцуулдаг зэрэг хүндрэлүүд байгаа юм.
