АНУ, Японы хооронд олон сарын турш явуулсан яриа хэлэлцээний төгсгөлд худалдааны гэрээ байгуулагдлаа.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ талаар өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлж, хоёр улсын хувьд “асар том” гэрээ байгуулагдсан болохыг тодотгожээ.
Трамп мэдэгдэлдээ Япон улсыг “автомашин, ачааны машин, цагаан будаа, зарим ХАА-н гаралтай бүтээгдэхүүн болон бусад барааг” АНУ-аас худалдаж авахаар тохиролцсон гэжээ.
Түүнчлэн Япон улс Америкт 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ашгийн 90%-ийг хүртэх болно гэдгийг онцолсон байна.
Мөн тэрээр гэрээний дагуу АНУ-д олон зуун мянган ажлын байр бий болно гэжээ.
Түүний хувьд өмнө нь хэрвээ заагдсан хугацаанд нэгдсэн тохиролцоонд хүрж, худалдааны гэрээ байгуулахгүй тохиолдолд 8-р сарын 1-нээс эхлэн Япон улсад 25 хувийн импортын татвар ногдуулахаар сүрдүүлж байсан юм.
Тэгвэл Д.Трампын “харилцан тэгш тариф” хэмээн онцолж байгаа энэхүү худалдааны гэрээгээр АНУ Японы импортод 15 хувийн тариф ногдуулахаар болсон байна.
Цагаан ордны зүгээс мэдэгдсэнээр Япон улс Америкийн Boeing компаниас 100 ширхэг онгоц худалдан авч, батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэн Америкийн компаниудтай хамтран ажиллаж, дээр дурьдсанчлан АНУ-аас худалдаж авдаг цагаан будааны импортоо 75%-иар нэмэгдүүлж, мөн 8 тэрбум ам.долларын өртөг бүхий ХАА-н гаралтай болон бусад бараа бүтээгдэхүүнийг импортлохоор тохиролцсон байна.
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-тай байгуулсан гэрээний талаар Токио хотноо сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “миний бие хоёр талын хооронд явагдсан яриа хэлэлцээ болон байгуулагдсан гэрээний зүйл заалтыг бүрэн гүйцэд судалсны дараагаар энэ талаар ярих боломжтой болно” хэмээн хэлсэн байна.
АНУ ийнхүү энэ долоо хоногт Филиппин улстай 19%-ийн тарифын, Япон улстай 15%-ийн тариф бүхий худалдааны гэрээг байгуулаад байгаа бол өмнө нь Их Британи, Вьетнам улсуудтай ижил төрлийн худалдааны гэрээг байгуулсан билээ. Одоогийн байдлаар АНУ өөрийн хамгийн том, гол гурван худалдааны түнш болох Хятад, Канад, Мексик улсуудтай яриа хэлэлцээг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд урьдчилсан тохиролцоонд хүрсэн Хятад улстай ирэх долоо хоногт Шведийн нийслэл Стокгольм хотноо ээлжит яриа хэлэлцээг явуулахаар болоод байгаа юм.
Харин энэ долоо хоногт Өмнөд Солонгос улстай хийх яриа хэлэлцээ товлогдсон байгаа бөгөөд БНСУ-ын төлөөлөгчид долоо хоногийн сүүлээр АНУ-ын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессенттэй хэлэлцээ хийх болно.