Япон, ЕХ-ны удирдагчид батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл, эдийн засгийн аюулгүй байдал болон бусад салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна.
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба лхагва гарагт Токио хотноо Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нарыг хүлээн авч, цаг гаруй хугацаанд уулзжээ.
Уулзалтын үеэр Японы ерөнхий сайд олон талт байдал, хууль эрх зүйд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалахын тулд ЕХ-ны түншүүдтэй хамтын ажиллагаагаа илүү ойртуулан гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Антонио Коста ч мөн талуудыг бат бөх харилцаатай, нэг ижил үнэт зүйл, ашиг сонирхолтойг онцлон тэмдэглэж, Япон улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ЕХ-ны хамгийн ойрын түнш гэдгийг тодотгосон байна.
Хоёр тал Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал нь салшгүй холбоотой бөгөөд батлан хамгаалах аж үйлдвэр, кибер аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах ёстой гэдэгт санал нэгдлээ.
Эдийн засгийн аюулгүй байдлын тал дээр бусад салбарт чухал ач холбогдолтой ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа баталлаа.
ЕХ болон Япон улс мөн Украиныг дэмжиж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гэдгээ дахин нотлож, ОХУ-ын Умард Солонгостой явуулсан цэргийн хамтын ажиллагааг эрс буруушаасан байна.
Уулзалтын төгсгөлд Япон болон ЕХ-ны удирдагчид эдгээр хэлэлцээрийг багтаасан хамтарсан мэдэгдэл гаргажээ.