Орос, Украины ээлжит энхийн яриа хэлэлцээний төгсгөлд хоригдол солилцох тохиролцоонд хүрэв


Лхагва гарагт Туркийн Истанбул хотноо цаг гаруй хугацаанд явагдсан Орос, Украины хоорондох гурав дахь шатны энхийн яриа хэлэлцээний төгсгөлд талууд хоригдол солилцох тохиролцоонд хүрснээс өөр дорвитой үр дүн гараагүй байна.

Хэлэлцээнд Украины төлөөлөгчдийг тус улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров ахалсан бол ОХУ-ын багийг ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский тэргүүлэн оролцжээ.

Яриа хэлэлцээний үеэр Рустем Умеров ирэх 8-р сарын сүүлээр хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах саналыг тавьж, хоёр талын зөрчилдөөний үндсэн суурь шалтгаануудыг зөвхөн удирдагчдын түвшинд шийдвэрлэх боломжтойг тодотгож, уулзалтад мөн зуучлагч АНУ болон Туркийн төрийн тэргүүнүүд оролцох боломжтой эсэхийг тодруулан асуусан байна.

Мединский мөн хоёр талын байр суурь хол зөрүүтэй байгаа хэдий ч төлөөлөгчид болон ажлын хэсгийн түвшинд үргэлжлэн хэлэлцээ хийхээр тохиролцсон гэжээ. Харин Оросын багийн ахлагч В.Мединский хоёр улсын удирдагчдын уулзалтын талаарх аливаа санал, төлөвлөгөөг няцааж, дээд түвшний уулзалтыг зохион байгуулахын өмнө тухайн уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг өмнө нь хэдийнээ тодорхойлчихсон байх ёстой буюу эхлээд талуудын зөрчилдөөнөө шийдвэрлэх тохиролцооны болзолт нөхцлүүдийг тогтоосон байх шаардлагатай ба үүний дараагаар удирдагч нар зөвхөн энхийн гэрээнд л гарын үсэг зурах гэж уулзах ёстойг тайлбарласан байна.

Үр дүнтэй багатай явагдсан гурав дахь шатны хэлэлцээний төгсгөлд талууд ойрын хугацаанд 1200 хоригдол цэрэг болон энгийн иргэдийг солилцохоор тохиролцсон байна.

Үүний өмнөх хоёр удаагийн уулзалтаар тохиролцсоны дагуу ОХУ нийт 7000 гаруй цогцсыг Украинд буцаасан, хэрэв Украинд хөлдөөх техник хангалттай байвал Орос дахин Украины 3000 цэргийн цогцсыг буцааж өгөх боломжтой гэжээ.

Хоёр тал цогцос цуглуулж, шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд фронтын шугамд 24-48 цагийн турш гал зогсоохыг зөвлөж, улс төр, хүмүүнлэгийн болон цэргийн асуудлаар гэсэн гурван ажлын хэсэг байгуулахыг Оросын тал санал болгосон бол Украины тал энэ саналыг авч үзэж, судлахаа амласан байна.

Украины талаас мөн урьдчилсан нөхцөлгүй бүтэн гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийлж, дайныг өндөрлүүлж, энхийн гэрээ байгуулах хүчин чармайлтад бодитой, бүтээлч байдлаар хандаж байгаагаа батлан харуулахыг Орост уриалсан байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 9-р сараас өмнө Украинтай тохиролцоонд хүрч, энхийн гэрээ байгуулахгүй тохиолдолд ОХУ болон тус улстай худалдаа хийдэг улс орнуудад өндөр тариф тогтоож, эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно хэмээн сүрдүүлээд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *