Б.Ариунзаяа: Сүү, цагаан идээ заавал үнэтэй байх албагүй


Сүүлийн жилүүдэд малчин айлын дэргэдэх гэр амралтын газрын үйлчилгээ олширсон. Үнэтэй амралтын газраас илүүтэй байгалийн сайханд гал дээр хийсэн хоол цай зооглож, цагаан идээ хүртэж, хүүхдүүдээ малчдын ахуйтай танилцуулахыг хотын иргэд ихээр зорих болж. Ялангуяа зуны улиралд энэ байдал нэмэгдэж, малчин айлуудын захиалга дүүрчээ.

Мал аж ахуйгаа эрхлэн эгэл амьдрах хөдөөгийн амьдралаа эргэн санаж улмаар малчны соёлыг таниулах, ойлгуулах зорилгоор “Танан тоонот” гэр амралтын газраа нээсэн Б.Ариунзаяатай бид цөөн хором ярилцлаа.

    Цагаан идээ үнэтэй байх албагүй, малын буянаа түмэнтэйгээ хуваалцана гэж зорьсон тэрээр амрагч нартаа сүү цагаан идээгээр үйлчилж, шинэ шөл уулгаж, морь унаж, уламжлалт ахуйтайгаа танилцах боломжийг олгож байгаа юм.

Та аль нутгийн хүн бэ? Гэр амралтын газрыг яагаад нээх болсон бэ?

Би Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул хүн. Малчин айлын хүүхэд. Багаасаа морь унаж, сүү саалийн зэл дээр өссөн. Улаанбаатар хотод сүүлийн 15 жил амьдарсан. Гадаадын улсуудаар ч их явлаа. Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань утасны хамааралтай болчихсон. Багаасаа малчин ахуйд өссөн болохоор үхэр малаа саах юмсан гээд бодоод л яваад байсан юм. Хэдэн үхрээ ууланд хөөж явуулчхаад сүүлийн 15 жил саагаагүй байна. Малчны дэргэдэх гэр амралтын газрыг би олон харсан л даа. Нээрээ яагаад ийм байж болохгүй гэж, сүү цагаан идээ яагаад үнэтэй байх ёстой гэж бодоод малын буянаа түмэнтэйгээ хуваалцъя, хүүхдүүдээ эрүүл агаарт байлгая гэсэн зорилгоор гэр амралтын газраа нээсэн.

Үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна. Эхлүүлэх хүртэл хэр хугацаа шаардсан бэ?

    Би Монголд байхгүй хэсэг гадаадад байж байгаад тавдугаар сард ирсэн. Ингээд зургаан сар гаргаад ажил маань эхэлсэн л дээ. Нэгэнт эхлүүлж байгаа учраас хамгийн сайн гэр хаана байна вэ гээд нэлээн хайж судалсан. Ганцаараа хийж байгаа болохоор бэлтгэл ажил сар гаран бараг хоёр сар үргэлжилсэн. Ингээд долдугаар сарын 20-нд буюу ердөө үйл ажиллагаа явуулаад дөрөв л хонож байна. 4 хоноход амралтын газар маань яг хүүхдийн зуслан шиг л байна. Нэг гэрт гэхэд 4-5 хүүхэдтэй гэр бүлүүд ирж амарч байна.

Үнэ болон үйлчилгээнийхээ талаар яриач. Бусад гэр амралтын газруудаас юугаараа ялгаатай вэ?

Малчин айлын ахуй ямар байдаг вэ яг тэр хэмнэлээр л амьдарч байна. Өглөө босоод үнээгээ саана, сүүгээ хөөрүүлж, өрмөө загсаана. Үүнийгээ таван гэрийнхээ амрагч нартаа хувааж өгнө. Боорцгоо хийнэ. Өчигдөр орой гэхэд боорцгоо хийгээд 12 өнгөрөөд унтаж байгаа юм. Өглөөний цайнд шинэ боорцог, өрөм өгдөг. Өдөрт нэг хонь гаргаж шинэ шөлөөр амрагч нараа дайлж байна. Хоногийн 150.000 төгрөг. Үүнд өглөөний цай, өдөр, оройн хоол бүгд багтсан.

Амрагчид ямар санал, сэтгэгдэл хэлж байна вэ?

Амрагчдын хувьд их л сэтгэл ханамжтай байна. Цай өгсөн ч гэсэн ямар гоё юм бэ баярлалаа гэдэг. Баярласан талархсан сэтгэлээр дүүрэн хүмүүс байна. Баярлалаа гэдэг үгнээс маш их урам авдаг. Би наймаачин хүн л дээ. Зарж буй бараа маань хүнд хүрээд “Ийм байсан юм уу баярлалаа” гэхэд их гоё байдаг. Өгөх мэдрэмжид дуртай. Үүгээрээ өөрөө баясаж, амьдардаг.

Монголд амралтын газрын үнэ ханш үнэтэй, үйлчилгээ муу гэсэн шүүмжлэл их байдаг шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Үйл ажиллагаа явуулаад дөрөв л хонож байна. Гэсэн ч наймдугаар сар гартал захиалгатай болчихсон. Ирье, очъё гэсэн хүмүүс их байна. Өдөржингөө утсаар ярьж хүмүүст тайлбарлаж өгч байна даа. Миний фейсбүүктээ бичсэн нийтлэлийг инээж уншлаа гэсэн хүмүүс их байгаа. Яаж ингэж бичээд байгаа юм бэ? гээд л.

Үнэ ханшийн тал дээр гэвэл манайд ирж амарч буй хүмүүсийн сэтгэл ханамж дүүрэн байгаа болохоор их юм бодохгүй байна. Малынхаа буяныг түмэнтэйгээ хуваалцаж байхад заавал зараад ашиг харъя гэж бодсонгүй. Өдөртөө гарсан сүү саалиа 6 гэрийнхээ амрагч нартаа хуваагаад идэж уугаад л байцгааж байна. Гэрийн хоногийн үнэд өглөөний цай болон өдөр, оройн хоол багтсан. Нэмж хоол захиалбал хийж өгнө гэсэн боловч одоогоор хоол захиалсан хүн алга л байна.

Гэрээ сонгохдоо их анхаарсан гэж хэлсэн. Гэрээ хаанаас яаж сонгож авсан бэ? Мэдээж амрагч нар байрлах учраас ая тухтай, цэвэр цэмцгэр байхыг бодсон болов уу?

Манай гэрүүд их учиртай. Ээжийн маань багын найз Хөвсгөл аймаг руу бэр болоод явсан юм байна лээ. Тэнд гарын дүйтэй мужаан хүнтэй суусан. Хорвоогийн жамаар өөд болсон. Тэдний хүүхдүүд гэр хийж байх ёстой гээд хайсаар байгаад тэр айлаа олоод эдгээр амралтын гэрүүдээ хийлгэсэн юм. Бүгд бүтэн цуулбартай маш гоё гэр.

Танай гэр амралт хэдэн сар хүртэл үйл ажиллагаа явуулах вэ? Цаашдаа хийе гэсэн төлөвлөсөн зүйл байна уу?

         Би эхэндээ сүү цагаан идээгээ хэдэн гэрийнхээ амрагч нартаа өгөөд байж байя гэсэн бодолтой байсан боловч хүүхдүүд их ирж амарч байна. Яг зуслан шиг. Нэг гэрт гэхэд 3-4 хүүхэд бий. Хүүхдүүд бүгд утасгүй ирдэг. Дэлгэц ширтэхгүй, орой эрт унтаад өглөө эрт босдог. Тиймээс тэднийг уйдаахгүйн тулд тоглоомын талбайн асуудлыг шийдэх санаатай өнөөдрөөс ханцуй шамлан орж байна. Волейболын тор бусад хэрэгтэй зүйлүүдээ өчигдөр захиалаад авсан. Мөн гадна тохижилтын ажил хийхээр төлөвлөж байна.

Би одоо эндээ л амьдарна гэж бодож байгаа. Тиймээс малчны дэргэдэх гэр амралтын газар маань өвөл зунгүй ажиллана. Өвөлдөө толгодын энгэрээр цана, чаргаар гулгана. Байгалиасаа л миний ажлын байрыг бэлдээд өгчихсөн байна шүү дээ. Өвлийн сурагчдын амралтаар хүүхдүүдээ авна. Өвөлжингөө аарцаа чанаад сууж байна даа. Аарцаа одооноос хураагаад эхэлчихсэн.

Амрагч нарт үйлчилж байгаа учраас алдаа, дутагдал гарах асуудал байна уу? Нэг өдөр нь хэрхэн өнгөрч байна.  

     Нэлээн төлөвлөж эхлүүлсэн ажил учраас одоогоор алдаа дутагдалтай зүйл нэг их гарч ирсэнгүй. Би өөрөө 20 гаруй жил худалдаа, наймаа хийсэн, үйлчлүүлэгч гэж ямар хүн бэ гэдгийг мэдэрсэн. Надад туршлага бий. Миний нэг өдрийн ажил өглөөний 05:00 цагаас эхэлдэг. Үхрээ сааж дуусаад сүү саалийн ажлаа хийнэ, амрагч нарынхаа өрөм, цай боорцог буюу өглөөний цайг өгнө. Тэгээд үргэлжлүүлээд өдрийн хоолыг нь хийнэ. 13-14 цагийн хооронд өдрийн хоолоо өгчхөөд жоохон суларна даа. Тэгээд үдээс хойш маргаашийн хоолоо бэлдэнэ, өглөөний боорцгоо хийнэ, орой 20:00 цагаас таргаа өгөөд амардаг.

Амрагч нар маань бүгд эрт амардаг учраас энэ хавьд нам гүм, чимээ шуугиангүй байдаг. Мөн ямар ч архидалт байхгүй. Бид багадаа зусланд явдаг байсан шүү дээ. Яг л  зуслан шиг гэсэн үг. Нэг их ачаалал байхгүй дээ. Энэ бол малчны хийдэг ердийн л ажил учраас түүртсэн юм алга байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

    Баярлалаа. Манайд ирвэл хөдөөний айл ямар байдаг вэ яг л тэр зарчмаар амарна. Манайхыг зорьж ирж амраарай. Олон түмнийхээ буянаар л ажилтай, орлоготой амьдралтай явж байна. Түмэндээ л их талархаж явдаг даа. Таван литр сүүгээ түмэнтэйгээ хувааж уугаад байж байхыг л бодож байна даа. (инээв)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *