Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд яахын аргагүй тодоос тод нэр нь бичигддэг эрхэм бол Казухито Сакайя билээ. Тэрээр зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, Дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм.
Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд Казухито Сакайяд 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал урилгаар хамтран ажиллах санал тавьжээ. Казухито дасгалжуулагч тус саналыг найрсгаар хүлээн авч олимпын циклийг дуустал Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн “ЗӨВЛӨХ” дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.
Өнөөдөр түүнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, Дэд ерөнхийлөгч С.Балжинням нар удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч түүхэн гэрээнд гарын үсэг зурсан байна.
