Олон улсын хандив, тусламжийн 100 гаруй байгууллага Газын зурваст хүн ард үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэж, тэжээлийн дутагдлаас болж амиа алдах нөхцөл байдалд ороод байгааг лхагва гарагт анхаарууллаа.
Дээрх хамтарсан мэдэгдэлд Газын зурваст ажиллаж байгаа хандив, тусламжийн байгууллагын ажилтнууд ч хүнсний дутагдалд ороод байгааг тодотгожээ.

Хэдийгээр Израил улс олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст тодорхой хэмжээгээр нэвтрүүлж, АНУ-тай хамтран хүнсний тусламж тараах үйл ажиллагааг эхлүүлээд 2 сар орчим хугацаа өнгөрч байгаа ч Газын зурвасын хүн ам хүнсний дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээрээ байгаагаас гадна хоол хүнс тараах цэгүүдэд амиа алдах палестинчуудын тоо хэмжээ өдөр бүр нэмэгдсээр байгаа юм.
Өнгөрсөн 5-р сараас хойш АНУ, Израилын дэмжлэгтэйгээр Газын хүмүүнлэгийн сан (GHF) хэмээх байгууллагын дангаараа хэрэгжүүлж эхэлсэн хүнсний тусламж түгээн тараах үйл ажиллагааны явцад 1000 гаруй палестин иргэн амиа алдаад байгааг мягмар гарагт НҮБ-аас мэдэгдсэн байна.

Хил хязгааргүй эмч нар, Save The Children, Oxfam зэрэг олон улсын хандив, тусламжийн 111 байгууллагын гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд мөн Газын зурваст нэн даруй гал зогсоож, энэ чиглэлд улс орнуудын засгийн газруудыг дорвитой хамтран ажиллахыг уриалж, Газын зурваст тогтоосон хилийн хоригуудыг нээж, НҮБ-ын механизмын дагуу хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлж эхлэхийг шаарджээ.
Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Газын зурвас дахь Палестины 2 сая гаруй иргэн 21 сарын турш дайн тулаан, бөмбөгдөлт, өлсгөлөн, нүүлгэн шилжүүлэлт гэх зэрэг маш хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа билээ. Жишээ дурьдахад, сүүлийн гурав хоногийн дотор Газын зурваст 21 хүүхэд тэжээлийн дутагдлын улмаас амиа алдсан болохыг тус бүс нутгийн хамгийн том эмнэлгийн зүгээс мэдэгджээ.