ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компани төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааны технологийг ашиглах гэрээг Их Британи улстай байгуулсныг тус улсын засгийн газраас зарлан мэдэгдсэн байна.
Тус компанийн Их Британийн засгийн газрын харьяа шинжлэх ухааны департаменттэй байгуулсан уг гэрээ нь OpenAI-д Британийн засгийн газрын мэдээлэлд нэвтрэх боломжийг олгох ажээ.
Гэрээний дагуу Их Британи улс OpenAI компанитай хамтран “мэдээлэл хуваалцах програм” хөгжүүлж, нийгэм, олон нийтийг хамгаалж, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлсэн хамгаалалтыг бий болгох болно гэжээ.
Түүнчлэн хиймэл оюуны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг албаны зүгээс онцолсон байна. Өөрөөр хэлбэл хиймэл оюуны технологид ашиглагддаг компьютерын серверүүд бүхий томоохон дата төвүүдийг Их Британид барьж байгуулахаар болсон байна.
OpenAI компани гэрээний дагуу мөн өдгөө 100 гаруй ажилтантай Лондон хот дахь салбараа өргөтгөхөөр болжээ.
Гэвч цахим болон мэдээллийн нууцлалын салбарын идэвхтнүүд дээрх гэрээг хурцаар шүүмжилж, өнөөгийн засгийн газрыг технологийн салбар дахь аюултай зах зээлд нэвтэрч байгааг нь анхааруулжээ.
Харин албаныхны зүгээс уг гэрээг Их Британийн засгийн газар болон OpenAI хоорондын түншлэлийн зорилго зорилтуудыг тодорхойлсон, цаашдын хамтралыг илтгэсэн мэдэгдэл гэдгийг тодотгосон байна.
OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман энэхүү төлөвлөгөө нь “бүхий л талуудад хөгжил цэцэглэлтийг авчрах болно” хэмээн мэдэгджээ.