Мэргэжлийн “нохой зодоон”-ы домогт тамирчин Халк Хоган 71 насандаа таалал төгслөө


World Wrestling Entertainment буюу бидний хэлж заншсанаар Америкийн “нохой зодоон”-ы холбооны домогт тамирчин Халк Хоган пүрэв гарагт 71 насандаа таалал төгссөн байна.

Флорида мужийн Клируотер хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө түргэн тусламжийнхан Халк Хоганы гэрт зүрх нь зогссон гэх дуудлагаар очиж, түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна.

Өндөр булчинлаг бие хаа, шаргал үс болон сахал, толгойндоо бандана зүүдэг дүр төрхөөрөө алдаршсан Халк Хоган 1977 онд анх “нохой зодоон”-ы ертөнцөд хөл тавьж байсан бөгөөд спорт, энтертайнмент болон бизнесийг хослуулсан энэхүү салбарт тэрээр 1980-аад оны дундаас од болон гялалзаж алдаршсан түүхтэй. 

Халк Хоганы жинхэнэ нэрийг Терри Жин Боллеа гэдэг бөгөөд Халк хэмээх нэрээ Марвелын зурагт номын баатраас авч байсан ажээ. Тэрээр олон жилийн турш “Халк” хэмээх нэрийг ашигласны төлбөрийг Marvel Comics-т төлж байсан байна.

Халк Хоган “нохой зодоон”-оос гадна мөн кино болон телевизийн салбарт ажиллаж байсан түүхтэй. Тэрээр “Rocky III”, “Gremlins 2”, “Suburban Commando”, “Santa With Muscles”, “Gnomeo & Juliet” зэрэг 10 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээж, 2005-2007 оны хооронд VH1 сувагт “Hogan Knows Best” хэмээх өөрийн нэрийн реалити шоу нэвтрүүлэг хөтлөж байжээ. 

Тэрээр 2024 онд Д.Трампын сонгуулийн сурталчилгааны кампанит ажилд оролцож, дэмжиж байсан бөгөөд түүнийг нас барсан явдалд Д.Трамп эмгэнэл илэрхийлж, өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа түүнийг MAGA хөдөлгөөний томоохон дэмжигч байсныг хэлж, “агуу анд нөхрөө өнөөдөр алдлаа” хэмээн бичсэн байна.

Түүнчлэн Америкийн “нохой зодоон”-ы спортын үе үеийн олон алдартнууд, энтертайнмент салбарын бусад алдартнууд Халк Хоганыг таалал төгссөн явдалд харамсч байгаагаа илэрхийлээд байна.

Халк Хоган амьдралынхаа туршид гурван удаа гэрлэж байсан бөгөөд хоёр хүүхэдтэй ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *