Инфляц өнгөрсөн оны мөн үеэс 8,2 хувиар өссөн байна. Энэ нь иргэдийн амьдралд хэр зэрэг мэдрэгдэх вэ?
– 8.2%-ийн инфляц нь иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ, ялангуяа өдөр тутмын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөр мэдрэгдэнэ. Тухайлбал, Хүнсний бүтээгдэхүүний үнэ (мах, гурил, талх гэх мэт) 10-20%-иар өссөн байх магадлалтай. Энэ нь гэр бүлийн төсөвт ихээхэн дарамт болно. Мөн орон сууцны үнэ, түрээс, цахилгаан, халаалтын төлбөр ахиад ч өсөх нь тодорхой боллоо гэсэн үг. Цалин, тэтгэвэр инфляцтай хөл нийлүүлж өсөөгүй тохиолдолд иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны түвшин муудна гэж ойлгож болно.
– Намар хичээлийн жил эхлэхэд иргэдэд дээрх инфляцын өсөлтийн үр нөлөө дарамт бол мэдрэгдэх нь илүү байх?
– Хичээлийн жил эхлэхэд иргэд дараах дарамтыг мэдрэх байх. Үүнд: Хичээлийн хэрэгсэл, сурагчдын хувцас өдөр тутмын хэрэглээ болон ном, дэвтэр бичгийн хэрэгслийн үнэ өснө. Ялангуяа импортын бараа ханшийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдэнэ. Хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунар, боловсрол сургалттай холбоотой зардлын өсөлт нь гэр бүлийн санхүүгийн төлөвлөлтөд хүндрэл учруулж, ялангуяа бага, дунд орлоготой өрхүүдэд нэн хүндээр тусаж таарна. Иймд иргэд төсвөө урьдчилан төлөвлөж, хямдрал, хуучин хэрэглэлийн зах зээл ашиглах, шаардлагагүй зардлаа хязгаарлах замаар нөлөөллийг бууруулахаас өөр аргагүй байдалд хүрэх биз. Инфляцын дарамт ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд илүү хүчтэй мэдрэгддэг.
– Улсын төсвийн орлого 1,3 тэрбумаар тасарсан байна. Үүний нөлөө иргэдэд яаж мэдрэгдэх вэ?
-Хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 14 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 914 тэрбум төгрөг буюу бараг нэг их наяд төгрөгөөр буурчээ. Гэхдээ энд нэг айхтар асуудал байгаа. 2024 оны төсөвт тэнцвэржүүлсэн орлого 25.8 их наяд төгрөг байсан. Хагас жилээр бараг 14.2 их наядын гүйцэтгэлтэй байсан. Саяхан ганц сарын өмнө 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг бууруулж 31.2 их наяд төгрөг болгосон. Гэхдээ хагас жилийн гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого нь 13.2 их наядын гүйцэтгэлтэй гарчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил төсвийн тэнцвэржүүлсэн орлого 55% гүйцэтгэлтэй байсан бол энэ онд 42% болж огцом буурчээ. Улсын төсвийн орлого ийм их алдагдалтай байгаа нь эдийн засгийн болон нийгмийн хэд хэдэн тал дээр иргэдэд нөлөөлнө гэж би харж байна. Энэ нөлөөлөл нь шууд болон шууд бус байдлаар илэрдэг. Төсвийн орлого тасарсан тохиолдолд засгийн газар зардлаа бууруулах, эсвэл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тэнцвэржүүлэхийг оролдоно. Энэ нь нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудын санхүүжилт хумигдахад хүргэж болзошгүй. Жишээ нь, хүүхдийн мөнгө, тэтгэмж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хэмжээ буурч, эсвэл хамрах хүрээ багасаж болно. Энэ нь ялангуяа бага орлоготой өрхүүдэд маш сөргөөр мэдрэгдэнэ. Мөн төсвийн алдагдал нь эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт татах боломжийг хязгаарладаг. Энэ нь иргэдийн хувьд ажилгүйдэл нэмэгдэх, цалингийн өсөлт удаашрах, эсвэл бизнесийн орчин муудах зэргээр мэдрэгдэх болно. Төсвийн алдагдлыг нөхөхөд гадаад болон дотоодын зээл ашиглагддаг бөгөөд энэ нь улсын өрийг нэмэгдүүлнэ. Урт хугацаанд энэ нь ирээдүйн татварын нэмэгдэл эсвэл нийгмийн хөтөлбөрүүдийн хумигдах эрсдэлийг бий болгож, иргэдийн амьжиргаанд дарамт үүслээ гэж ойлгож болно. Энэ бүхэн нэг өдөр үүссэн асуудал огт биш.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан өнгөрсөн жилүүдэд эрх баригчид тооцоо судалгаагүй, дураараа дургиж байсны гор юм шүү дээ. 2025 оны төсөв өргөн барих үед миний хэлж анхааруулж байсан бүхэн одоо биеллээ олчхоод байна.
Би, төсвийн тооцоолол чинь Мянгуужингийн үлгэр боллоо шүү. Хэт тэлсэн төсөв алдагдлаа бага харагдуулахын тулд орлогоо хийсвэрээр тооцож эдийн засгийн макро үзүүлэлтүүдээ өөдрөгөөр төсөөлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Үүнийг 83 сая тонн нүүрс 105 ам.доллароор экспортлох, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд, нийт экспортыг 18.9 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 6 хувьд тогтвортой барих, ДНБ-нийхээ хэмжээг 93 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн нэн эргэлзээтэй амлалтуудаас харж болно. Энэ бүхэн төсөвт ноцтой эрсдэл үүсгэж тодотгол хийж тохиргоо хийхээс өөр аргагүй байдалд хүргэнэ. Төсвийн 9.8 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 26.0 их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжих болно. Төсвийн төсөл валютын ханш огцом өсөх, инфляцаа нэмэх муу үр дагавар дагуулна.
Өөрөөр хэлбэл, төсөв өөрөө валютын ханш огцом өсгөх, үнийг хөөрөгдөх шалтгаан болжээ. Инфляц өснө гэдэг дундаж давхарга улам бүр “цөөрч”, ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндрэх байдалд хүргэх эрсдэлийг бий болгоод байна гэж анхааруулж байсан юм.
Яг л миний урьдчилан хэлснээр бүх зүйл өрнөж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.