БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зогсолтгүй үргэлжилж буй усархаг борооны улмаас үерлээд байна.
Хятадын төрийн өмчит Синхуа агентлагийн мэдээлснээр Бээжин хотод үерийн улмаас 30 хүн амиа алдаж, 80 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Бээжин хотын төвөөс зүүн хойд зүгт оршдог Миюун дүүрэгт хамгийн олон хүн үерийн улмаас амь үрэгдсэн бол мөн хойд хэсгийн Хуайроу, баруун өмнөд хэсгийн Фаншань дүүргүүд ихээхэн хохирол амсаад байгаа талаар мэдээллээ.
Beijing Daily өдөр тутмын сонинд үерийн улмаас олон арван зам хаагдаж, Бээжин хотын ойролцоох 130 гаруй тосгонд цахилгаан тасарсан талаар бичсэн байна.
Гал сөнөөгчид Бээжин хотын нэгэн ахмадын асрамжийн төвд гацсан 48 хүнийг аварсан талаар CCTV телевиз мэдээлжээ.

Хятадын хэвлэлүүд мөн ард иргэддээ хандан цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээлэлд онцгой анхаарал хандуулж, онцын шаардлагагүй тохиолдолд гадагшаа гарч, эрсдэлтэй газруудаар явахгүй байхыг анхааруулаад байна.
Бээжин хотод орсон борооны усны түвшин 543.4 мм хүрсэн байна.
Энэ долоо хоногт нийслэл Бээжин хотоос гадна Хятадын хойд нутгийн Хэбэй, Жилин, Шандунь, Шаньси, ӨМӨЗО, Тяньжин, Гуандун зэрэг нийт 9 мужид мөн усархаг аадар бороо орж, үер, хөрсний гулсалт зэргээс үүдэн асар их гарз хохирол амсч, олон хүн сураггүй алга болоод байна.
Үүнтэй холбоотойгоор засгийн газраас байгалийн гамшигт нэрвэгдсэн дээрх 9 мужид гамшиг зохицуулалтад зориулж 350 сая юань, нийслэл Бээжин хотод 200 сая юанийг байршуулаад байгаа талаар мягмар гарагт CCTV мэдээлжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ гамшигт нэрвэгдсэн бүсүүдийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, ард иргэдийн амь насыг аврах, эрж хайх аврах ажиллагааг цаг алдалгүй явуулахыг орон нутгийн эрх баригчид, удирдлагуудад үүрэгдсэн байна.