Б.Жавхлан: Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгаж ажиллана


Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2025.07.30/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг боловсруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Наймдугаар сарын 01-нээс эхлэн иргэдээс ирэх оны төсвийн талаар санал авахаар болжээ. Тодруулбал Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх оны төсөвт иргэдийн татварын мөнгө хэрхэн зарцуулагдах нь нээлттэй байх, төсөвт олон нийтийн оролцоог шууд хангах үүрэг, даалгаварыг өгчээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас 2026 оны улсын төсвийг боловсруулах үе шат ид дундаа явж байна. 29 төсвийн Ерөнхийлөн захирагч төсвөө ирүүлээд байна. Нийт 36 төсвийн Ерөнхийлөн захирагч төсвөө ирүүлэх ёстой. Төсөв боловсруулах шатанд олон нийтийн оролцоог хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд наймдугаар сарын 01-нээс И-Монголиа болон яам болгоны цахим платформуудаар дамжуулан 7-10 хоногийн хугацаанд санал авна. Үүнд иргэд, ААН, төсвийн Ерөнхийлөн захирагч хэн ч саналаа өгөх боломжтой. Ирэх жилийн эдийн засгийн өсөлт Дэлхий нийтээр хязгаарлагдмал байна. Тиймээс 2026 оны төсвийн суурь тоонуудыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд ирүүлэх ёстой. Суурь тоонууд төсвийн тодотголоор батлагдсан орлого, зарлагын төлөвлөлтөөс хэтрэхгүй. Ирэх жилийн төсөв төсвийн хүрээ, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний бичиг баримтад суурилна. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангах бодлого үргэлжилнэ. 2024 оноос эхлэн тэтгэвэрийг тухайн жилийн инфляц, үнийн өсөлттэй уялдуулж нэмэгдүүлдэг болсон. Энэ хэвээрээ байна. УИХ-тай хамтран татварын багц реформын тухай хуулийг төсвийн хуультай зэрэгцэн өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *