Их Британи улс 9-р сард Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрнө


Их Британийн ерөнхий сайд Кир Стармер ирэх 9-р сард Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх талаар мягмар гарагт албан ёсны мэдэгдэл хийлээ.

Тэрээр мэдэгдэлдээ хэрвээ Израил улс Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрч, тус бүс нутагт үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зогсоож, “хоёр улсын шийдэл”-ийн дагуу урт хугацааны тогтвортой энх тайван, хөгжил цэцэглэлтэд чиглэсэн бодитой арга хэмжээ авахгүй тохиолдолд Их Британи улс 9-р сард Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх болно гэжээ.

Мөн тэрээр Хамас бүлэглэлд хандаж барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй суллаж, гал зогсоох тохиролцоонд гарын үсэг зурж, зэвсгээ хураалгаж, Газын зурваст байгуулагдах дараагийн шинэ засгийн газарт ямар нэгэн байдлаар оролцохгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.

Кир Стармер Газын зурвасын асуудлаар кабинетын яаралтай хуралдаан хийж, энхийн төлөвлөгөө боловсруулсны дараа ийнхүү түүхэн мэдэгдлийг хийгээд байна.

Үүний өмнө Францын ерөнхийлөгч Э.Макрон мөн л 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Франц улс албан ёсоор Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх болно гэж мэдэгдсэн бөгөөд ийнхүү дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын “Их Долоо”-гийн бүлгээс хоёр Европын их гүрэн Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр болоод байна.

Хэдийгээр дэлхийн 140 орчим улс Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөөд байгаа ч Франц, Их Британи шиг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, тэр ч бүү хэл Израилын түнш холбоотон улс орон хүлээн зөвшөөрөхөөр болоод байгаа нь олон улсын харилцааны анхаарал татсан, томоохон үйл явдлын нэг болж байна. Өнгөрсөн жил Европын Испани, Ирланд, Норвеги зэрэг улсууд Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.

Кир Стармерын хувьд гадаад, дотоодын дарамт шахалтын улмаас уг шийдвэрийг гаргасан гэхэд хилсдэхгүй. Франц болон Европын бусад улс орнуудаас гадна Их Британийн парламентад суудалтай 9 намын 220 гаруй гишүүд хамтарсан мэдэгдэл нийтэлж түүнд шахалт үзүүлсэн юм. 

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер засгийн газрын шийдвэрийг албан ёсоор зарлан танилцуулахаас өмнө Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху, Палестины ерөнхийлөгч М.Аббас нартай холбогдож танилцуулсан байна. Тэрээр дээрх шийдвэрийн үндсэн зорилго нь Газын зурвасын өнөөгийн хямралын нөхцөл байдлыг дээшлүүлж сайжруулахад чиглэгдэж байгааг онцолжээ.

Их Британийн шийдвэрийг Израил улс няцааж, дээрх шийдвэрээрээ Их Британи улс “Хамас бүлэглэлийг шагнаж, Газын зурваст гал зогсоох хүчин чармайлтад саад тотгор учруулж байна” гэжээ. Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Кир Стармерыг Хамас бүлэглэлийн аймшигтай террорист үйл ажиллагааг шагнаж байгааг хэлж,  “өнөөдөр Израилын хилд аюул заналхийлэл учруулж буй жихадын улс маргааш Британид заналхийлэх болно” гэсэн байна.

Харин Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Их Британийн шийдвэрийг хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Шотландад Кир Стармертай уулзах үедээ дээрх шийдвэрийн талаар мэдээгүй буюу Палестины асуудлаар огт ярилцаагүй гэдгээ хэлж, “Их Британи улс ийм шийдвэр гаргаж болох ч үүгээрээ Хамас бүлэглэлийг л дэмжин шагнаж байна, харин би тэднийг шагнал хүртэх ёсгүй гэж бодож байна” гэжээ.

Зарим ажиглагчид Палестины төр засгийн удирдлага, хил хязгаарын тухай асуудлыг юун түрүүнд авч үзээгүй тохиолдолд улс хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь энгийн нэг бэлгэдлийн шинж чанартай үйлдэл гэж үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *